Эбола вируст халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг өнөөдөр Хилийн боомт дахь алба, хэлтэст ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагч нарт хуваарилан өгчээ. Нийтдээ найман төрлийн 11 сая 451 мянга 710 төгрөгийн хамгаалах хэрэгслийг хилийн боомтод ажиллагсдад өгөөд байгаа юм.
Одоогийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) эбола вируст халдвар бүртгэгдэж, 20 813 хүн өвчилжээ. Тэдний 8284 хүн буюу 39 хувь нь нас барсан байна. Шинэ он гарснаас хойш 541 шинэ тохиолдол бүртгэгдэж, 330 хүн амиа алдаад байгаа юм. Тиймээс энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хилийн боомтод ажиллагсдыг халдвараас хамгаалах үүднээс Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарч, тэр дагуу хамгаалах хувцас хэрэгслийг хил дээр ажиллагсдад өгсөн байна.
Д.ЦЭЭЛ