Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь томиллоо

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь томиллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2018 оны намрын чуулганы өнөөдрийн (2018.10.03) хуралдаан 11 цаг 30 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Зөвлөлийн гишүүнд Засгийн газраас Шаравын Гунгаадорж, Эрдэнийн Бямбажавыг, Монголбанкнаас Баярсайханы Баярдаваа, Атарбаатарын Энхжинг, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Далрайн Даваасамбуу, Ёндонжамцын Мөнхбаатарын нэрийг дэвшүүлсэн саналаа хүргүүлжээ. Харин нээлттэй сонгон шалгаруулалтын урилгаар зөвлөлийн хараат бус гишүүнд Өвгөний Эрдэнэбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Гүнсэнгийн Алтанзаяа, Дамирангийн Сувдаа нар нэрээ дэвшүүлсэн байв.

Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төсвийн сахилга бат алдагдаж, улмаар орлого зарлагыг нарийн тооцоогүйгээс төсвийн алдагдал бий болгодог хариуцлагагүй байдлыг хязгаарлахын тулд Төсвийн тогтвортой байдлыг зөвлөл байгуулж байгааг сануулахын зэрэгцээ төсвийн төсөлд дүгнэлт, зөвлөмж хүргүүлснээр ажлаа хязгаарлалгүйгээр гишүүдтэй хамтарч ажиллаж, төсвийн сахилга батыг хангуулахын тулд хичээж, чармайж ажиллахыг нэр дэвшигчдэд захиж байлаа.

Ингээд  тус зөвлөлийн гишүүнээр томилох санал хураалтыг нэр дэвшигч бүрээр явуулав. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ш.Гунгаадорж нь 1935 онд Дорноговь аймагт төрсөн бөгөөд Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, БНАСАУ, Казакстан Улсад Монгол улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байжээ. Улсад тасралтгүй 50 жил ажилласан түүнийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Нэр дэвшигч Э.Бямбажав нь 1939 онд Увс аймагт төрсөн. ОХУ-д Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг зээлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн, хүндэт профессор. Улсад 55 жил ажиллах хугацаандаа Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын Монголын хэсгийн орлогч, Казакстан Улсад Монгол улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Сангийн сайдын албыг хашиж байсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь түүнийг зөвлөлийн гишүүнээр томилох саналыг дэмжлээ.

Мөн нэр дэвшигч Д.Даваасамбууг  хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь  дэмжлээ. 1952 онд Завхан аймагт төрсөн тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, бизнес, эдийн засгийн магистр, хүндэт профессор. Улсад 46 жил ажиллахдаа Сангийн сайд, орлогч сайд, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын зөвлөх, ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Монголбанкны Хяналтын зөвлөлийн орон тооны бус байгууллагын дарга, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний албыг хашиж байгаа аж.

Нэр дэвшигч Ё.Мөнхбаатар нь 1953 онд Ховд аймагт төрсөн, эдийн засгийн магистр бөгөөд төсөв санхүү, татвар, аудитын чиглэлээр АНУ, Англи, Солонгос зэрэг орнуудад мэргэжлийн сургалтад  суралцсан нэгэн. УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагч, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд улсад 43 жил ажилласан түүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн Монголбанкнаас санал болгосон нэр дэвшигч Б.Баярдаваа, А.Энхжин нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь тус тус дэмжив. Б.Баярдаваа нь 1982 онд Хөвсгөл аймагт төрсөн, МУИС, Австралийн Үндэсний их сургууль төгссөн, эдийн засгийн магистр. Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, Монголбанканд эдийн засагч, улмаар 2016 оноос Монголбанканд Мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаа бол  нэр дэвшигч А.Энхжин 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, АНУ-ын Ютагийн их сургууль, Австралийн Кьюртиний технологийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн магистр тэрбээр 2004 оноос Монголбанканд ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оноос Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирлын албыг хашиж байгаа аж.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл  9 гишүүний бүрэлдэхүүнтэй  байх тул нээлттэй сонгон шалгаруулалтын урилгаар зөвлөлийн хараат бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн дөрвөн хүн тус бүрээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нууцаар санал хураалаа.  Нэр дэвшигчдээс Г.Алтанзаяа, Д.Сувдаа, Ө.Эрдэнбаяр нар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг авав.

Г.Алтанзаяа 1959 онд Улаанбаатар хотод төрсөн нягтлан бодогч, багш мэргэжилтэй, удирдахуйн ухааны доктор, профессор. Тэрбээр Улсын их дэлгүүр, Нийслэлийн татварын газарт, 1996 оноос Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд багш, сургалтын албаны дарга, дэд захирлаар ажиллаж байгаа бол  Д.Сувдаа нь 1968 онд Увс аймагт төрсөн, МУИС, БНСУ-ын Сөүл хотын их сургуулийг тус тус төгссөн. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, хөтөлбөр хариуцсан дэд захирал, 2017 оноос МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа аж. Мөн нэр дэвшигч Ө.Эрдэнэбаяр 1957 онд Говь-Алтай аймагт төрсөн, МУИС, Удирдлагын академи төгссөн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Авто тээврийн удирдах газарт нягтлан бодогч, Хотын тээврийн удирдах газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1993-1998 онд “Худалдааны техник” ХХК-д дэд захирал, 2016 оноос “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа аж.

Хуралдааны төгсгөлд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай” Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж