Техник технологийн асар хурдацтай хөгжил бидний амьдралыг өдрөөс өдөрт өөрчилсөөр байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд, хувцас хэрэглэл, барилга байгууламж гээд бүгд л ухаалаг системтэй болж байна.
Энэ “Ухаалаг”-уудын жагсаалтыг хүний эд эрхтэн үргэлжлүүлж болох уу. Таны бөөр, таны зүрх, таны ходоод өвчлөхөөсөө өмнө эрсдэлт нөхцөл байдлаа өөрөө дүгнэн таны гар утсанд эсвэл цахим шууданд “Би өвдөх гээд байна шүү” гээд мэссэж илгээнэ гэвэл ямар сонсогдож байна.
Массачусеттсын Технологийн их сургуулийн Биологийн анагаах ухааны инженер профессор Роберт Лангерс үүнийг боломжтой хэмээн үзэж байна.
Түүний үзэж буйгаар хүний эд эсээс дээж аван, шаардлагатай байгаа эд эрхтнийг лабораторид ургуулж, түүнд бичил мэдрэгчийг суулгаснаар “ухаалаг” болгож болох гэнэ.
Хүний эд эрхтнийг лабораторийн аргаар, хиймлээр гарган авах нь цоо шинэ зүйл биш бөгөөд хүний арьс, үтрээ, хамар болон чихийг амжилттай ургуулан хүнд шилжүүлэн суулгаж эхлээд байгаа билээ.
Хүний биед хиймэл эд, эрхтэн суулгах үед дархлалын систем хүчтэй ажиллан гадны биетыг эсэргүүцэн устгах ажиллагааг идэвхитэй явуулдаг байна. Тиймээс дархлалыг дарангуйлах эм бэлдмэл байнга хэрэглэх шаардлага гардаг. Үүний нөлөөгөөр өөр бусад өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй нүүр тулдаг.
Энэхүү бэрхшээлийг үгүй хийн хүний дархлалын системд өөрийн эд эрхтэн шиг танигдах материалаар хиймэл эд эрхтнийг ургуулах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа тухай профессор Роберт Лангерс онцолжээ. Тиймээс үүнийг шийдэх шинэ материал гаргаж авах дээр эрдэмтэд түлхүү анхааран ажиллаж эхэлсэн байна.
Ойрын хэдэн жилдээ энэ ажил хийгдэж дуусан ухаалаг хэрнээ хиймэл эд эрхтнүүд анагаах ухааны практикт өргөн хэрэглэгдэж эхлэх боломжтой аж.
Ухаалаг, хиймэл эд эрхтнийг бүтээснээр хүн төрөлхтний амьдралд юу өөрчлөгдөх вэ?
1. Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод буй хорт хавдраар өвчилсөн хүмүүст донор шаардлагагүй болно. Хорт хавдраар өвчилсөн хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх шаардлагатай болдог. Энэ нь санхүүгийн хувьд өндөр өртөгтэйгээс гадна донор хүлээсэн урт дараалал үүссэн байдаг байна. Хиймэл эд эрхтэн ургуулах ажил өргөжин амжилт олох юм бол эдгээр урт дараалалд үхэлтэй тэмцэлдэн хүлээн байгаа олон сая хүмүүст шинэ амьдрал бэлэглэх юм. Үүнийг дагаад хүний эд эрхтнийг худалдаалдаг хүний наймаа ч хумигдах сайн талтай хэмээн үзэж байна.
2. Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлнэ. Дундаас дээш насныхны гэнэтийн үхлийн тэргүүлэх шалтгаануудын нэг болох зүрхний шигдээс өвчин улам нэмэгдэхийн дээр залуужих хандлагатай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурьджээ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүний зүрхэнд маш бага хэмжээтэй нано мэдрэгч чип суулгаснаар бүхий л мэдээллийг өөрийн гар утас болон бусад төхөөрөмж дээрээ авч болдог болох гэнэ. Таны зүрх хэдий хэмжээний ачаалалтай ажиллаж байгаа, судасны ханын зузаан, агшилтын хэмжээ, цусан дахь хүчилтөрөгчийн агууламж, зүрхний хэм алдалт гээд бүхий л мэдээллийг минут секунд бүрээр хянан эрсдэлтэй өөрчлөлт гарах бүрийд танд болон таны эмчид мэдээллийг автоматаар илгээж байх аж. Ингэснээр зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болно гэж үзжээ.
3. Өвдөхөөс өмнө өвчнийг таслан зогсооно. Бүхий л эд эрхтнүүдээ ухаалаг болгосноор хүнд өвчилхөөс нь өмнө өвчнөө таслан зогсоох боломж бүрдэнэ. Жишээ нь бөөрний чулуу удаан хугацаанд эрдсийн тунадас үүсч бөөгнөрсөөр үүсдэг байна. Хэрвээ таны бөөр ухаалаг мэдрэгчтэй болчих юм бол тунадас үүсч, бөөгнөрөл бий болж эхлэх үед л танд дохио илгээж, “чулуу үүсэх гээд байна шүү” гэдэг мэдээллийг өгөх гэнэ. Ингэснээр та буруу хоолны зуршлаа өөрчлөх, шаардлагатай эмчилгээг хийлгэснээр хүндэрхээс урьдчилан сэргийлнэ.
4. Хүний нас уртсана. Хүндээр өвчилсөн эрхтнээ шинэ хиймэл эрхтнээр сольж, бусад эрхтнээ ухаалаг мэдрэгчээр мануулснаар элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, хүний наслалт уртсана. Өвчний улмаас биш насны доройтлоор л хорвоог орхидог болох гэнэ.
Н.ЦЭНД