Сэрүүн намрын халуун улс төр

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Сэрүүн намрын халуун улс төр

Сэрүүн намрын халуун улс төр

Зунжин хөл, хөдөлгөөнтэй байсан Монголын улс төрийн оргил цаг иржээ. Хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн намрын чуулганы анхны томилгоо нь Зам тээврийн хөгжлийн сайдын асуудал болж байна. Шинэ сайдын суудал олон хүний сонирхлыг татаж, МАН-ын 32:32 бүлгүүд хэнийгээ томилуулах вэ гэдэг дээр хэдийнээ ханцуй дотроо тохиролцоод эхэлсэн бололтой.

Хариуцсан яаман дээр нь газрын дарга нар нь архидан согтуурч, хамт ажиллаж байсан нэгийгээ хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан тул  Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт өгсөн юм. Түүний ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Засгийн газар УИХ-д оруулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороогоор Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөхийг дэмжсэн.

Зам тээврийн хөгжлийн сайдын томилгоотой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл хуралдах сураг сонсогдож байсан ч, олонхын бүлэг хүн дээрээ тохирч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Мэдээж, нэр дээрээ тохирч чадвал бусад нь ногоон гэрлээр явагдах нь ойлгомжтой.

Учир нь сайдад нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгдөхийн хэрээр тохироо нь өөрчлөгдөж байгаа гэх.  Ойрмогхоноос хэвлэлд "хайртай" болсон МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн зүгээс Зам тээврийн хөгжлийн сайдад өрсөлдөхгүй гэдгээ зарласнаар тойргоос хасагдсан. Энэ удаад Зам тээврийн хөгжлийн сайд парламентын гаднаас биш дотроос, бас нэгэн давхар дээл өмссөн сайдтай болох магадлал улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдлаас харагдаж буй.

Зам тээврийн хөгжлийн сайдын томилгоотой зэрэгцээд Хэнтийн нөхөн сонгуулийн асуудал мөн л улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэлээ. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Цэцийн дунд суудлын хуралдаанаас  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бол МАН, АН-ын бүлгүүд Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэв. Хууль зүйнн байнгын хорооноос мөн Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэснээр МАН-ын дотоод хэрүүл улам эрчимжиж магадгүй, сөрөг хүчин үүнийг нь сэвж өгөх ийм л дүр зурагтайгаар сэрүүн намрын улс төр халуурах шинжтэй. Ганц сайдын суудал ийнхүү 65-ын бүлгийн дунд бас нэгэн хэрүүлийн алим болж эхэллээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж