Сүхбаатар аймагт болж буй Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад хоёрхон хоног үлдээд байна. Аймгийн ИТХ-д хоёр намын хүчний харьцаа эн тэнцүү болсон энэ үед АН-аас Аймгийн Засаг Дарга асан Ж.Батсуурийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь МАН-ынхныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдлөхөд хүргэсэн бололтой. Сүхбаатар аймгийн МАН-ын Хорооны даргаар хэдхэн хоногийн өмнө томилогдсон Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамcүрэн сонгуулийн хууль зөрчиж ухуулагчийн үнэмлэхгүйгээр суртал ухуулга хийжээ. Мөн сонгуулийн сурталчилгаанд зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл ашиглах ёстой байтал Ш.Лхамсүрэн хувийн машинаараа сонгогчдын гэрээр зочилж, хамгаалалтын алба, бөхчүүдээр хүрээлүүлэн суртал ухуулга хийж явсан талаар гомдол шүүмжлэл ч СЕХ-нд гараад байгаа гэнэ. Монгол Улсын шилдэг аймгаар дарааллан дөрвөн жил шалгарсан Сүхбаатар аймаг сүүлийн хоёр жил засаглалын хямралд өртөж, эрх баригч намын зүгээс дорвитой бодлого шийдвэр гаргаагүйн улмаас төрийн сайдад сонгуулийн хуулийг уландаа гишгэх боломжийг бүрэн дүүрэн олгожээ.
Б.БАТ