С.Ганбаатар: Одонтой ээжүүдийн үгийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Одонтой ээжүүдийн үгийг сонсоно

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийхдээ хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгийг хасвал Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавина гэж мэдээлсэн. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Та өчигдөр хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгийг танахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Жишээ нь, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь хүргэх чиглэлээр судалгаа хийж 20 түвшин гарган, түүний зөвхөн таван ангилалд багтах боломжтой айл өрхөд 20 мянган төгрөг олгохгүй гэж тайлбарлаж байгаа шүү дээ?

-Ерөнхий сайдын тооцоолол бол хямралыг хүүхдүүд, одонтой эхчүүд, тэтгэврийнхэн авчирлаа л гэсэн байна. Үнэн хэрэгтээ эдийн засгийн хямралыг Оюутолгой авчирсан. Үндэстэн дамнасан корпорациуд баялагийг маань ухахын дээдээр ухаж зарж байгаа, юу ч зогсоогүй. Оюутолгой 2014 оны эхний гурван улиралд 612 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гаргасан. Ингээд 1.2 тэрбум долларын борлуулалт хийчихээд Монголд юу ч нялзаахгүй байгаа учраас, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар үндэстэн дамнасан корпорациас юу ч татаж чадахгүй байгаа учраас энэ хямрал нүүрлэсэн. Дээрээс нь хад, чулуу, шороогоор нь бүх баялгаа гадагшаа зөөж өөрсдөө ядаж хадаасаа үйлдвэрлэхгүй гангын үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрээ өөрсдөө байгуулахгүй байгаа учраас энэ хямрал бий болж байгаа юм. Зөвхөн тендер, их улстөржилтөөс энэ хямрал бий болсон. Энэ бол системийн хямрал болохоос хүүхэд хөгшдийн хямрал биш. Халамжийг бууруулж байна гэж ярьцгааж байна. Хүүхдэд өгч байгаа 20 мянган төгрөг халамж биш, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байгаа. Одонтой эхчүүдэд жилд олгодог мөнгө халамж биш, хүн амаа өсгөх бодлого. Ч.Сайханбилэг хүн амаа өсгөх бодлого, хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх төрийн бодлогыг зогсоож байна. Гаргалгаа байна уу гэвэл байгаа. Гадаад томилолтын зардал, дарга нарын тансаглалыг яагаад танаж болдоггүй юм. Наад зах нь хэнд ч хэрэггүй дэд сайдуудаа танахгүй, уул уурхайн гэрээнүүдээ эргэж харахгүй байна шүү дээ. Жирийн иргэний татвар хүмүүсийн нурууг нугалж байгаа. Би Оюутголгойгоос татварын байцаагчид 130 сая ам.доллар авна гээн. Уг нь бол 670 сая доллар гэж би тооцсон. Гэтэл Оюутолгой 30 сая доллар өгнө гэж хуураад одоо өгөхгүй ээ гээд шүүхдээд явж байгаа. Энэ татваруудаа авч чадахгүй байж эхчүүд, хүүхдийн мөнгөнд гар дүрж байгаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллах ёс зүйн үндэслэл байхгүй. Нийгмийн хамгааллын хүрсэн түвшингээ бууруулахгүй гэдэг олон улсын хөдөлмөрийн конвенци байдаг. Бие даагчдын зөвлөлөөс нэгдүгээр сарын 20-ны 12.00 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд одонтой эхчүүдтэй уулзаж, таны үгийг сонсох гэж байна.

-Сангийн сайдын өгсөн мэдээллээр хүүхдийн мөнгөнөөс 90 тэрбум, халамжаас 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, танаж болох зардлыг хасч, хэмнэлт хийж байгаа гэсэн?

-Энэ бол Оюутолгойгоос авах ёстой татварын дэргэд өчүүхэн бага мөнгө. Ноолуур ченжид зарахдаа мяалуулдаг шиг даруулсаар байгаад 130 сая долларын татвар авна гэсэн. 130 сая доллараар Оюутголгойгоос бүрэн авахад 240 тэрбум төгрөг болно гэсэн үг. Хэрэв ингэж чадсан бол хүүхдийн мөнгө, ээжүүдийн одонгийн мөнгөнөөс хумслах нь бүү хэл 242 мянган ахмадынхаа тэтгэвэр тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэхэд 20 тэрбум төгрөг л шаардлагатай байгаа биз. Гэтэл бид хууль ёсоор Оюутолгойгоос авах ёстой мөнгөө авч чадахгүй байна. Үүний учрыг би хэд хэдэн удаа асуусан ч хариулж чадахгүй байна. Хариултаа авч чадахгүй байгаа учраас ард түмнээрээ энэ асуултыг асуугаад өгөөч гэж гуйж байгаа юм.

-Хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг хасвал Ерөнхий сайдыг огцруулна гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд таныг популизм хийлээ гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр явж байна лээ?

-Яалаа гэж. 20 мянган төгрөгөөр авах шаардлагагүй хүмүүс 20 хувь ч хүрэхгүй. Үлдсэн 80 хувь нь энэ мөнгө амьдралд нь хэрэгтэй хүмүүс байгаа. Тэд бол 64 хувь гэж худлаа ярьж байна лээ. Ч.Сайханбилэг хүүхдийнхээ мөнгийг ухамсраараа буцааж өгч болно. Үүнтэй санал нэг байна. Заримд нь өгөөд заримд нь өгөхгүй гэдгийг тодорхойлох төрийн үйл ажиллагаанд л гэхэд хэдэн төгрөг орох вэ. Энэ тооцоогоо хийсэн юмуу. 20 мянгыг авах ёстой авах ёсгүй гээд бөөн маргаан гарна. Намайг популизм хийж байна гэж хэлж л байвал би жирийн иргэний төлөө ажил хийж байна гэсэн үг. Олонхын төлөөх улстөрийг баруунд популизм гэж нэрлэдэг. Энэ бол муу нэр биш. Манайд бол үндэслэл тооцоогүй худлаа ярьж байна гэж тайлбарлах гээд байдаг. Гэтэл би сая дандаа тооцоотой ярьлаа. Бие даасан хөндлөнгийн дүгнэлт Оюутолгой дээр гарсан уу гэж би асуудаг. Харин олигархи гэдэг нь цөөн гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн сонгодог утгаараа олигархи гэдэгт хамаарна. Надад нэр хочоор хөөцөлдөх зав алга. Манай засаг төр олигархи шинж рүү орчихлоо.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж