Монголын хэвлэлийн хүрээлэн, Германы Дойче Велле Академи, МҮОНРТ, Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төвүүд хамтран Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хурлыг хоёр өдөр Монгол Улсад зохион байгуулж байна. Олон улсын хурал өчигдөр /2018.10.02/ эхэлж өнөөдөр үргэлжилж байгаа юм.
Хуралд олон улсад нэр хүндтэй эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид өөрсдийн туршлага, цаашдын чиг хандлагаа онол практикийн түвшинд ярьж байгаа юм. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хуралд Малайзын сэтгүүлч Стивен Гэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжлийн төвүүдийн төлөвшлийн талаар ярилцсан юм. Тэрээр тус улсын анхны бие даасан хараат бус мэдээллийн хэрэгсэл “Өнөөдрийн Малайз” буюу Малайсиакингийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Ерөнхий эрхлэгч юм. Зүүн Тиморт болсон Ази Номхон далайн бүсийн хурлын үеэр хурлыг хүчээр зогсоохыг оролдож байсан эрх баригчдын нөлөөгөөр Куала Лумбурт хоригдож байжээ.
Малайзын сэтгүүлч Стивен Гэнээс тус улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг дээр Малайзын сэтгүүлчид хэрхэн ажилласан, одоо нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахад “Манай улсад 60 жилийн дараа эрх баригч хүчин өөрчлөгдсөн. Ш.Алтанхуяагийн хэрэгт өмнөх Ерөнхий сайд нэр холбогдсон. Малайзын сэтгүүлчид энэ хэргийн мөрөөр сайн ажилласан. Нэг дутагдалтай зүйл нь тухайн үед Монголын талтай холбогдож чадаагүй. Одоогийн байдлаар Ш.Алтантуяагийн аав нь Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа. Өмнө нь Эрүүгийн хэргийн шүүхээс хэргийн захиалагч хэн бэ, ямар шалтгаантай вэ гэдэгт хариулт өгч чадаагүй. Одоогийн энэ шүүх хурлаар бүх эргэлзээ тайлагдана гэж хүлээж, итгэж байна. Ш.Алтантуяагийн хэргийн мөрөөр Монголын сэтгүүлчидтэй хамтарч ажиллахыг хүсч байна” гэлээ.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ