Төрийн албаны зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлаж байгаа аж.
Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын гуравдугаар зүйлийг үндэслэн АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулах юм. Уг албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэд тодорхой шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлэх ёстой.
Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг БСШУСЯ-ны 2 давхарт 215 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт явагдах аж. Ингэснээр АШУҮИС-ийн захирал томилогдох юм. АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард халж оронд нь Ж.Цолмонг томилоод байсан ч тус сургуулийн багш сурагчид энэхүү томилгоог удаа дараа эсэргүүцсэн бөгөөд ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байгаа юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ