Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 27-ны 09.00 цагаас эхлүүлж 28-ны өдрийн 20.00 цаг хүртэл явуулсан. Тэгвэл өнөөдөр /2018.10.03/ Ардчилсан намын удирдлагууд энэ холбооны тэргүүнд өрсөлдөх эмэгтэйчүүдэд мандат гардууллаа.
Ингээд Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд:
- Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа
- Ардчилсан намын гишүүн Ц.Цэрэндолгор
- Ардчилсан намын гишүүн Т.Пүрэвхатан нар өрсөхөөр бүртгүүлжээ.
Мандатаа гардан авсан эмэгтэйчүүд бүтэн сарын турш орон нутгаар ажиллаж, сурталчилгаагаа хийх юм. Ингээд сонгуулийг арваннэгдүгээр сарын 5 гэхэд дуусгасан байхаар төлөвлөжээ. Одоогоор тус холбоог С.Одонтуяа удирдаж байгаа юм.
Сануулахад, Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг бүх гишүүдийн саналаар тодруулдаг болсон. Энэ дагуу намын дарга, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нарын сонгууль болж байсан аж. Энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд намын дэргэдэх байгууллагуудын тэргүүнүүдийг ч бүх гишүүдийнх нь оролцоотойгоор сонгохоор болсон байна. Өнгөрсөн жил Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль энэ зарчмаар өрнөж 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны гишүүд Ерөнхийлөгчөө сонгож байсан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд энэхүү зарчмаар тэргүүнээ сонгоогүй байсан тул дээрх сонгуулийг зохион байгуулахаар болжээ.
Холбоотой мэдээ