Түгжрэл гамшгийн хэмжээнд хүрлээ. Өглөө 07:00 цагт гэрээсээ гарсан ч 09:00 цагт ажилдаа амжиж ирнэ гэдэг “үлгэр” болж. Үүнээс болж цалингаа хасуулсан ажилчид, цэцэрлэг нь хаалгаа барьж, хүүхдээ хэнээр харуулахаа мэдэхгүй яваа эцэг эхчүүд олон байна. Өглөөг бухимдалтай эхлүүлэх ямар олиг байх вэ. Энэ бүхэн түгжрэлээс үүдэлтэй. Бид түгжрэлийг хэрхэн бууруулах тухай гарц, шийдлийг хөндөж байгаа. Өмнөх дугаартаа такси үйлчилгээний тухай онцолсон бол энэ удаад нийтийн тээвэр. Дэлхийн стандартад нийтийн тээвэр нь зөвхөн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэлдэггүй. Тухайн улсын хот байгуулалтын амжилт, төрийн засаглах чадамж, амьдралын чанар, соёл гээд олон үзүүлэлтийг илтгэдэг өргөн агуулгатай, хөгжлийн илтгэлцүүр гэжээ. Тиймээс дэлхийн томоохон хотууд хөгжил гэх үгтэй “ухаалаг нийтийн тээвэр” гэх үгийг хөтөлгөө морь мэт адилтгадаг юм байна. Улаанбаатар хотын хувьд ч ялгаагүй нийгмээрээ хөлөглөх нийтийн тээврийн салбараа ухаалаг болгох гэж ажиллаж байгаа ч орчин, нөхцөл, хангамжийн хувьд доголдолтой асуудал олон байна. Харин түгжрэлийг бууруулах нэг гарц нь яахын аргагүй нийтийн тээвэр юм. Хэдийгээр ухаалаг системтэй болж, дамжин суухад үнэгүй гэх мэт олон дэвшилтийг бид олзуурхаж байгаа ч энэ бүхэн түгжрэл буурахад төдийлөн нөлөөлөхгүй байгаа нь харамсалтай.
88 ЧИГЛЭЛД 959 АВТОБУС ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны байдлаар 937 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилсэн. Гэвч 1.3 сая гаруй хүн амтай нийслэлийн хэмжээнд энэ хангалттай тоо биш. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын ихэнх нь 10 жил явсан учир элэгдэлд орсон. Мөн өдөр тутам тодорхой хэмжээгээр эвдрэл гардаг. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2009 онд 400, 2015 онд 70 автобусаар шинэчилсэн. Үүнээс хойш шинэчлэл хийгдээгүй байна. Харин 2018 оны байдлаар ажлын өдрүүдэд 959 нийтийн тээвэр үйлчилгээ үзүүлж байна. Харин автобус хоорондын хүлээх хугацаа 7-8 минут гэж заажээ. Үүнээс гадна Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн мянга, Зайсан, Улиастай гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслийн буух цагийг 22.30-23.00 хүртэл уртасгасан гэж нийслэлийн тээврийн газраас мэдээлэл өглөө. Гэвч түгжрэл улам ихэссэн. Хэдийгээр төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явна гэж заасан ч энэ нь бас л шийдэлд хүргэсэнгүй. Ниийслэлийн авто тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг 10 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус болсон” гэв. Харин зохицуулагч Д.Цэцэгмаа “Автобус түгжрээнд орвол хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх боломжгүй. Ялангуяа ажил тарах цагаас эхлээд Багшийн дээд орчимд замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Үүнээс болж Энхтайваны өргөн чөлөө дагуу дараагийн автобусны буудлууд дээр ажлаа тарсан иргэд автобус ирэхийг хүлээдэг. Ядахдаа ачааллын цагаар төв зам дагуу суудлын авто машинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйлчлэх бүрэн боломжтой” гэсэн юм. Тэгвэл иргэдэд хувийн тэргээ сонгох түмэн шалтгаан байна.
ТОО НЭМЭГДСЭН Ч ЧАНАР САЙЖИРСАНГҮЙ
Удахгүй өвлийн улирал ирнэ. Энэ улиралд автобусны буудал дээр удаан зогсох хэцүү. Ирсэн автобус нь хүн ихтэй, хүйтэн гээд буман асуудлыг энд сөхөж болох. Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Ичинхорлоо “Би анх автобусаар ажилдаа явдаг байсан. Энэ нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Харин өнгөрсөн жил автобусанд суух гэж байгаад гараа хугалсан. Өвлийн улиралд шатнууд нь мөстчихдөг. Настай хүн суухад их хүйтэн. Тиймээс эрүүл мэндээ бодоод машинаар явж байна. Хэрэв нийтийн унааны орчин сайжраад, хурдан шуурхай, хүлээлгэхгүй явдаг бол автобусаар л үйлчлүүлмээр байна. Өнөөдөр бензиний үнэ хэд байгаа билээ. Түгжрэлд жаахан зогсоход банкаа дуусгачихна” гэсэн юм. Баянгол дүүргийн иргэн Б.Болормаа “Би өглөө бүр хүүхдээ хүргэж өгөөд, ажилдаа очдог. Хэдийгээр нийтийн унаагаар зорчиж болох ч бага насны хүүхэд авч явахад их хэцүү. Ядахдаа л суух суудлаас эхлээд олон асуудалтай тулгардаг. Дээрээс нь их хүйтэн учир хүүхэд ханиад хүрчих гээд байдаг юм” гэв. Иргэдийн байр сууринаас харахад хэдийгээр нийтийн тээврийн тоо нэмэгдсэн ч чанар сайжирсангүй. Өнөөх л хүйтэн орчин, даац хэтрүүлсэн хэт их ачаалал хэвээр байна. Тиймээс ч иргэд ая тухтай зорчихын тулд хувийн унаагаа сонгож байгааг буруутгах аргагүй юм. Тэгэхээр түгжрэлээс ангижирах нэг гарц нь нийтийн тээврийн орчинг сайжруулах асуудал юм. Хэрэв ороод суухад тохилог, дулаахан, хэтэрхий их ачаалалгүй, цэвэрхэн автобус үйлчилгээнд явдаг болвол иргэд ч нийтийн унаагаа сонгоно.
НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ 370 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард шалгалт хийжээ. Шалгалтад 574 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй зургаа, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг нийт 370 зөрчил илрүүлжээ. Дээрх тоо баримтаас харахад нийтийн тээвэр юу юугүй тэтгэвэрт гарах хэмжээний болжээ. Нийгэмд ч тэд нэр хүндгүй байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг зөөвөрлөж яваа нийтийн тээвэрт анхаарал хандуулах цаг нэгэнт болсон. Иргэд эрхээ эдэлж, нийтийн унаагаар үйлчлүүлснийхээ төлөө ямар нэг байдлаар хохирох ёсгүй. Мөн эдгээр зөрчлийг цаг тухайд нь шийдвэрлээд, нийтийн тээврээ дэмжиж, орчин нөхцлийг нь сайжруулбал түгжрэл багасах нь дамжиггүй.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ