Шалтгаан тодорхойгүй үргүйдлийг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Шалтгаан тодорхойгүй үргүйдлийг хуульчилна

Шалтгаан тодорхойгүй үргүйдлийг хуульчилна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж, дэмжив. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-ОУВС-гийн хөтөлбөрт орсонтой уялдуулж хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэр гарахдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр гардаг байсныг болиулсан гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ өргөн барьж байгаа хуулиар хуучин хэрэгжиж байсан эрхийг нь сэргээж өгнө гэж ойлгож байгаа нь зөв үү. Хоёрдугаарт, та нарын хийсэн тооцооллоор хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарч чадаагүй хэдэн хүн байна вэ. Гуравдугаарт, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Энэ жил 13 мянга орчим малчин тэтгэвэр тогтоолгох нөхцөл үүссэн гэж сонссон. Гэвч тойрог дээр очоод ажиллахаар тэтгэвэрт гарахад хүнд байна гэж иргэд ярьдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-1999 онд хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байсан харилцааг зохицуулах хуульд өөрчлөлт ороод, хүчингүй болгосон. Гэхдээ Хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэвэр тэтгэмжийг зохицуулсан хууль батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл дээрх хуулийг хэрэглэж байхаар Журмын тухай хууль гаргасан. Журмын тухай хуулиар хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх нь нээлттэй байсан гэсэн үг. Ингээд 2017 онд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах заалтыг хүчингүй болгочихсон юм байна лээ. Тиймээс одоо хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрхийг сэргээх шаардлага байгаа учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хэдийгээр хуулийн заалт хүчингүй болсон ч тэтгэвэрт гарах нөхцөлөөр хангах үүргийг аймгийн НДГ-ын дарга нарт өгсөн. Тиймээс хуулиар шалтаглаж хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарахгүй байгаа тохиолдол байхгүй болов уу гэж бодож байна.

Малчидтай холбоотой асуудлын хувьд одоогоор 5500 гаруй малчин 50, 55 настай тэтгэвэр тогтоолгоод байна. Жилийн эцсийн мал тооллогын “А” данс дээрээ малчин өрх гэж бүртгэгдсэн бол энэ хуулийн дагуу тэтгэвэр эрт тогтоолгож болно. Хуулийн хэрэгжилтийг шалгаад явахад нийт 330 сумын 50 орчим хувьд “А” дансны архив байхгүй учраас хууль хэрэгжих үндэсгүй болсон. Тиймээс Засгийн газар журамд өөрчлөлт оруулаад, сумын Засаг даргаар ахлуулсан орон тооны бус зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлд хандаж малчнаар ажиллаж байсан тодорхойлолтыг гаргуулснаар тэтгэвэрт гарах эрх нь нээгдэх юм.

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Малчны тэтгэвэр тогтоолгосон 5574 хүн байна. Үүнд зургаан тэрбум төгрөг зарцуулсан байна. Одоогийн байдлаар зөвлөлд хандсан 1400 малчин байна. Өнөөдрийн байдлаар 1228 хүний асуудлыг шийдээд байгаа.

Хүнд хортой нөхцөлөөр 21 мянган иргэн тэтгэвэр тогтоолгосон. Үүнд 71 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд шинээр 800 гаруй хүний хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх нь нээлттэй байгаа.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэвэрт гарахад ямар заалтыг үндэслэж байгаа вэ. Хүнд хортой нөхцөлдөө орох уу?

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулиар зохицуулагдаад явж байна. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүнд хортой нөхцөлд ажиллаж байвал бусад даатгуулагчийн адил эрт тэтгэвэрт гарахаар зохицуулагдсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн юм. Дараа нь Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Хуулийн төслийг Н.Оюундарь нарын гишүүн санаачилсан бөгөөд шалтгаан тодорхойгүй үргүйдэл маш олон байгаа учраас энэ хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгосон юм.

Эцэст нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ хууль батлагдсанаар анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан мэргэжилтэн тэтгэвэрт гарах үед нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэгт тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах тухай асуудлыг тусгасан байна.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед асуух асуулттай гишүүн цөөн байсан тул хуулийн төслийг дэмжсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж