Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр бичнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ. Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхоцгооё. Тэнд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг. Английн найрагч Теннисон: “Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй. Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.”гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.
“Уруу татах хүч”
Би багадаа “Өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “Өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм. “Ихэнх залуусын мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм. “Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой. Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “УРУУ татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “УРУУ татах хүч” ноёрхлоо. Үнэндээ энэ “эрч хүч” гэдэг юмыг сэлбэж байхгүй бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.
Цаг мөч бүрийг мэдрэх
Цэнэг авсан үедээ бид жишээ нь “Өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр cap өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэр чигтээ өнгөрнө.. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” . Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ. Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь: “4 сарын 2. Юу ч хийсэнгүй.” “4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ. Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн cap үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болсон.
Тэвчээр, тэвчээр
Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог гээд байлаа, Гэтэл үүнийг бүтэн cap үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.
Эх сурвалж: weathermanmn.blogspot.com