Замын цагдаа матаасаар ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Замын цагдаа матаасаар ажиллаж эхэллээ

Замын цагдаа матаасаар ажиллаж эхэллээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгох “E-Police” аппликейшн аравдугаар сарын 1-нээс ажиллаж эхэллээ. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран өнгөрсөн Даваа гаригаас “E-Police” аппликэшнийг нэвтрүүлсэн юм.  Тус аппликэйшн нь замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулах хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох програм аж.

ЗУРГАН ХЭЛБЭРЭЭР ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛНЭ

“E-Police”-ийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын Төвийн дарга Д.Одбаяраас тодруулахад “Уг программ хангамжийг нэвтрүүлснээр жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчилт буурна.  Мөн хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах, зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл буурах, зөрчилд тавих иргэдийн оролцоо хяналт нэмэгдэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцож байна” гэв. “E-Police”-ийг ухаалаг гар утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан системээс ирсэн кодыг хийснээр та шууд ашиглах боломжтой  аж. Өөрөөр хэлбэл, зөрчлийг гар утас, ухаалаг төхөөрөмж дээрх аппликэшнаа ашиглан маш энгийн гурван үйлдлээр илгээнэ. Холбогдох алба хаагчид зөрчлийг шалгаад хэрхэн шийдвэрлэснээ зурган хэлбэрээр танд эргэн мэдэгдэх юм байна.

ЗӨРЧЛИЙГ ШУУД МЭДЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ

Тус аппликейшны талаар Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс зарим асуултад хариулт авлаа.

-Иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оногдуулахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг бичиг, зургаар гээд олон төрлөөр авч байсан. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн зөрчлийн мэдээллийг 2016 оноос эхлэн цахим сайтаар авч эхэлсэн. Энэ үйл ажиллагааг боловсронгуй болгох, хялбаршуулах чиглэлээр гар утасны аппликейшнийг гаргасан. Энэхүү аппликейшнийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран гаргасан юм. Иргэд аппликейшнээр дамжуулж нэгдүгээрт, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээлэл, хоёрдугаарт, замын хөдөлгөөний зөрчил, тээврийн хэрэгслийг түр саатуулах нүүн шилжүүлэх мэдээлэл, гуравдугаарт зам тээврийн ослын талаарх мэдээллийг хүлээн авна. Мөн зөрчлийн мэдээллийг хүлээн авах юм.

-Аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?

-Иргэд гар утасныхаа камераар зөрчлийн мэдээллийг фото хэлбэрээр байршуулан төв серверт мэдээлнэ гэсэн үг. Тухайлбал, тухайн газар дээрх зөрчлийг илгээх юм. Зөрчил гаргаад удсан, эсвэл арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тухай зургийг дахин илгээх, фотошопоор хуурамчаар илгээх гэх мэт аргуудаас сэргийлэхийн тулд зөвхөн тухайн газар дээрх зургийг илгээх байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл аппликейшний камераар тухайн зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой юм.

-Зарим иргэдийн зүгээс торгохоо урьтал болголоо, матаачдыг өөгшүүлж байна гэсэн шүүмжлэлүүд гарч байна?

-Их хотын иргэд дэг журам, хотын соёл, сахилга бат, хэм хэмжээ, хууль, журмандаа захирагддаг байх ёстой. Тиймээс иргэд мэдээллийн технологийн ололт амжилтыг амьдралдаа ухаалгаар ашиглаж, эергээр хүлээн авч дэмжинэ гэдэгт найдаж байна. Дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавьж хариуцлага тооцдог байх нь шударга зарчим юм.


“E-POLICE” ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛЫГ САЙЖРУУЛАХ УУ

Тус аппликейшны талаарх иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Л.Батбаяр: t. Мэдээллийг сайн нягталж шалгаж байж хариуцлага тооцохгүй бол хүмүүс хэцүү шүү дээ. Нэг талдаа дургүй хүнээ эсвэл, өш санасан нэгнээ аппликейшнаар мэдээлээд байж болох талтай. Мөн мэдээллийг нь худалдаж авдаг болмоор байна. Дан ганц зураг дараад зөрчил тооцно гэдэг нэг талын өрөөсгөл ойлголт. Тийм болохоор яваандаа аппликейшнээ илүү хөгжүүлж урамшууллын системтэй байх хэрэгтэй. Би өчигдөрхөн утсандаа татаж суулгасан. Одоохондоо мэдээлэл явуулж үзээгүй байна.

Баянгол дүүргийн иргэн С.Билгүүн: Миний зүгээс маш их дэмжиж байна. Замаар дайрчих шахаад явдаг жолооч нар зөндөө байна шүү дээ. Эд нарт хариуцлага тооцоод, хүрэх ёстой газраа мэдээлэл нь хүрвэл энэ аппликейшны үр дүн гарах болов уу. Манай хорооллын байранд хүүхдийн тоглоомын талбай, хашлага даваад тавьчихсан, сургууль тарах цагаар машин таглаад тавьчихсан зөрчил зөндөө бий. Тэгэхээр иргэдийн хяналт, оролцоо маш чухал. Хоёрдугаарт зөвхөн баталгаатай мэдээлэлд зөрчдөг тооцоосой гэж хүсч байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Эрдэнэбаяр: Нийслэл хотын хэмжээнд энэ нарийхан замуудад машин багтахаа байлаа. Би өглөө гэрээсээ гарахдаа нэг цаг 30 минут болж байж хүрдэг. Заримдаа машинтайгаа явахад хажуугаар дүрэм зөрчөөд, хар хурдаараа гүйцэж түрүүлээд явдаг соёлгүй жолооч нар маш олон байдаг. Тиймээс нэгийгээ “матах” бус зөрчил гаргасан бол үнэхээр түүнийг нь мэдээлж яагаад болохгүй гэж. Хамгийн нь гол нь нэгийгээ хүндлээд дүрмээ зөрчихгүй соёлтой оролцвол торгууль оногдуулахгүй шүү дээ. Түүнээс гадна энэ түгжрэлийг авто машины маркаар ангилах юм уу, замаа өргөтгөснөөр бууруулж болох байх.

Баянгол дүүргийн иргэн Э.Энхтөр:  Авсан зургаа оруулж болохгүй байна лээ. Тэр нь дор нь зөрчлийн зураг авсан боловч оруулах боломжгүй гэж байсан. Бас GSP-тэй байвал ажиллаж байх ёстой юм билээ. Миний бодлоор энэ аппликейшн их нэмэртэй байх. Юм болгоныг замын цагдаа зохицуулна гэвэл хүчрэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө ухамсартай байж, зам талбайд зөрчил гаргахгүй байвал болох юм шиг санагдаж байна. Хамгийн гол нь иргэд фотошоп, аль эсвэл хуурамч зураг ашиглан  нэгийгээ мэдээллээс сэргийлэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж