Нийтийн сонсголын хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Нийтийн сонсголын хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжлээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг холбогдох байнгын хорогоор хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй асуудлыг хэлэлцүүлгийн явцад эргэж харах нь зүйтэй гэсэн юм. Хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан. Үүнээс мөрдөн шалгах чиглэлээр сонсгол хийхтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Төсөл санаачлагчид нийтийн сонсголыг бий болгож, сайнаар хэрэгжүүлсэн ул орны туршлагыг судлах хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын конгрес хуулийн, хяналт шалгалтын, мөрдөн шалгах, батлах, газар дээр нь очих гэсэн хэлбэрээр нийтийн сонсголыг хэвшүүлсэн байдаг юм билээ. Тэгэхээр олон улсын зөв зүйтэй сонсголын хэлбэрүүдийг тусгах ёстой” гэсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Цог “Хуулийн төслийг батлахыг 100 хувь дэмжиж байна. Хариуцлагын механизм Монгол Улсад дутагдаж байгаа. Улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх, албан тушаалтан хууль зөрчсөнийг тогтоодог сонсголын хэлбэр байх ёстой. Үүн дээр гишүүд болгоомжлоод байх хэрэггүй, дэмжээд явах нь зөв” гэсэн юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Батцэрэг нарын гишүүд цаашдаа хуулийн төслийг бүлгээр сайтар хэлэлцэж Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг эргэж харах хэрэгтэйг сануулсан юм.

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцлийг бүрдүүлэх нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны суурь зарчмыг хангахад чухал суурийг бүрдүүлэх учиртай. Гэтэл тэднийг сонсох, санаа бодлыг хууль тогтоогч, шийдвэр гаргагчид уламжлах эрх зүйн тогтолцоо хангалтгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс Нийтийн сонсголын тухай хуулийг боловсруулсан байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж