БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн P53” төслийн хүрээнд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Хүнсний кодексийн олон улсын стандарт, Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд халдвар үүсгэгчийг молекул биологийн qRT PC-ын оношилгооны аргаар тодорхойлох олон улсын сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 9 дүгээр сарын 26-28 өдрүүдэд зохион байгууллаа.
Р53 төслийн хамтран ажиллагч Англи улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, төслийн багаас тус сургалтыг хамтран зохион байгуулсан юм. Сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн молекул биологи, генетикийн мэргэшсэн судлаачид хамрагдлаа. Олон улсын сургагч багшаар Англи Улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагын Өндөр бохирдлын хэлтсийн вирус судлаач Др Кевин Ричардс, Шинэ, аюултай болон халдварт материалтай ажиллах сургалтын хэлтсийн Микробиологийн сургагч багш Деларам Акхавиен нар ажиллав.
Энэхүү сургалтаар лабораторийн орчинд биоаюулгүй ажиллах халдвар хамгааллын аргачлал, биологийн II зэрэглэлийн аюултай, хүн, мал амьтны халдварт өвчний үүсгэгч болох Enterivirus 71, Tick-borne Encephalistis (TBE), Morbillivirus-ийг qRT PCR-ын аргаар тодорхойлох онол практикийн мэдлэг эзэмшиж олон улсын сертификат олгогдсон юм.
Сургалтыг амжилттай зохион байгуулахад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Чингис хаан нисэх онгоцны буудлын гааль, мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.
Эх сурвалж: БОАЖЯ