УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
–Намрын чуулган нээлтээ хийж, улс төрийн үйл явц идэвхжиж байна. Намрын чуулганаас хүлээх хүлээлт юу байх вэ?
-Намрын чуулганаар хэлэлцэх олон чухал асуудал бий. Ялангуяа 2019 оны төсөв түүнийг дагаж өргөн баригдсан төсвүүдээ хэлэлцэнэ. Мөн сонгуулийн хуулиуд, намын санхүүжилтийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль зэрэг олон чухал хуулиуд хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байна. Энэ намрын чуулган чухал уу гэвэл маш чухал. Яагаад гэвэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн шийдвэрлэх он. Тиймээс бид энэ удаагийн төсөвт маш нухацтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрөөс хоцрогдож байгаа ажлуудаа энэ удаагийн төсвөөр дамжуулж хэрэгжүүлэх ёстой.
-Намрын турш яригдсан нэг асуудал бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байлаа. Харин МАН-ын бүлэг цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэхээр цаашид ямар процесс өрнөнө гэсэн үг вэ?
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцсэн. УИХ хуулийн хүрээнд 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарласан. Харин УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. МАН-ын бүлэг энэ асуудлыг дахин хэлэлцээд, Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн.
-АН болон бусад намуудын зүгээс эрх баригчид цэцийг ашиглаж, өөрсдийн талд шийдвэр гаргалаа гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Мэдээж хардах эрхтэй. Үүний цаана улс төр ч байгаа байх. Гэхдээ бид өөрсдийн эрх ашгийн талд шийдвэр гаргуулах шаардлага байхгүй. Хуулийн хүрээнд МАН сонгуульд оролцоход бэлэн. Энэ сонгууль хойшилж, урагшлах, манай, танайд ашигтай гэх зүйл байхгүй.
-Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн хэлсэн үг араасаа маш олон асуулт дагууллаа. Ялангуяа засаглал, тогтолцоогоо өөрчлөх ёстой гэдгийг хэлж байх шиг байна. Энэ нь өөрөө Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалтай байх ёстой гэх асуудлыг ч араасаа дагуулж эхэллээ. Намрын чуулганаар ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгасан, энэ өөрчлөлтөд засаглалын асуудлыг яаж тусгасан юм бэ?
-Энэ асуудалд бүлгийн байр сууринаас яримааргүй байна. Ер нь бол системийн хямрал руу орчихлоо гэсэн санааг Ерөнхийлөгч хэлсэн. Алдааг бид өрөөлөөс биш бүр биш системээс хайдаг боллоо. Зүй нь улстөрчид бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй.
Бид Үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцад бий болсон гажуудлыг засах ёстой. Гажуудал гэдэг нь Үндсэн хууль батлагдсанаас хойш 41 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой асуудлуудад өөрчлөлт оруулсан байдаг. Эхний ээлжинд энэ өөрчлөлт оруулсан хуулиудыг судалж эргэн харах нь зөв болов уу.
Систем тогтолцоогоо өөрчилнө, Үндсэн хуулиа цоо шинээр дахин батлуулна гэхээс илүү улстөрчид улс төрийн намууд өнөөдөр Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа хуулийн хүрээнд захирагдан ажиллаж чадаж байгаа эсэхээ харах хэрэгтэй.
Өнөөгийн манай нөхцөлд Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд асуудлаа шийдээд ажиллаад явахад маш түвэгтэй болсон. Үндсэндээ Засгийн газар хоёр толгойтой болчхоод байна. УИХ гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс УИХ-аас гаргасан бүх шийдвэрийг Монгол Улсын хэмжээнд дагаж, мөрдөх үүрэгтэй. Энэ хүрээндээ л ажиллах ёстой. Гэтэл асуудалд хандахдаа эрх мэдлийн төлөө, хэн нь том бэ гэдэг тал руугаа яваад байна уу даа гэж харж байна. Цаашид яаж зөв явах вэ гэдэг талаас нь харах ёстой. Миний хувьд сонгодог парламентын тогтолцоо манайд тохиромжтой. Герман улс шиг Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зөв гэж үздэг. Цөөн хүн амтай Монгол Улс хоёр хөршийн адил Ерөнхийлөгчийн засаглалтай болбол нэг хүний дарангуйлал бий болох аюултай. Үүнийг Үндсэн хуулийн эцэг Б.Чимид гуай хангалттай тайлбарладаг байсан. Тухайлбал “Монгол Улсад яг одоогийн Үндсэн хуулиар олгогдсон энэ төрийн тогтолцоо хамгийн тохиромжтой, нэг хүний, нэг намын эрх мэдэлд ороод гашуун замыг туулсан түүх бидэнд бий шүү” хэмээн тайлбарлаж байсан. Тэгэхээр бид түүхээ, үндэсний онцлогоо эргэн харж асуудалд нухацтай хандах ёстой.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Сөрөг хүчин болон бусад намуудын зүгээс ард нийтийн санал асуулга явуулсны дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдэг зүйлийг үргэлж хэлдэг?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар сүүлийн жилүүдэд хангалттай хэлэлцсэн. Давхардсан тоогоор сая гаруй хүний санал авч мөн Монголын нийгмийн бүхий төлөөлөл болсон 700 гаруй хүнийг сум, аймаг, нийслэл, дүүргээс нийслэлд урин хоёр өдөр хэлэлцсэн. Цаашид ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар нухацтай хэлэлцэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо гэхэд 2024 оноос хэрэгжиж эхэлнэ. Эрх баригчид Үндсэн хуульд өөрсдөдөө тааруулж өөрчлөлт оруулах гэж байна гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байна. Үндсэн хуулийн асуудал бол манай улс үндэсний томоохон асуудал болохоос бус нэг нам, нэг хэсэг бүлгийн эрх ашгийг харж шийдэх асуудал бишээ гэдгийг МАН хатуу ойлгож байгаа. Тиймээс бид Үндсэн хуулийг цоо шинээр дахин боловсруулж ард түмнээр хэлэлцүүлэх Ерөнхийлөгчийн саналыг боломжгүй гэж үзэж байна.
–Намрын чуулганы завсарлагаанаар зарим гишүүдээс бас Ерөнхийлөгчөөс санал гаргаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой гэсэн. Ээлжит бус чуулган зарлаагүй нь УИХ өөрөө хууль зөрчсөн үйлдэл болох уу гэсэн яриа намрын чуулганы нээлтийн үеэр гарсан. Ээлжит бус чуулган зарлах боломжтой байсан уу эсвэл?
-УИХ-ын дарга намрын чуулганы нээлтийн үгэндээ “Бид хууль тогтоох дээд байгууллага атлаа өөрийнхөө гаргасан хуулийг зөрчиж, асуудал хэлэлцэж болохгүй” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг баталсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох ээлжит бус чуулган зарлахыг аль аль талаасаа шаардсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. АТГ-ын даргыг чөлөөлдөг асуудлыг Авлигын эсрэг хууль болон бусад хуулиудад маш тодорхой зааж өгсөн. Ер нь УИХ-аас сонгогдон томилогддог хууль хяналтын байгууллагын дарга нарыг хуульд заасан бүрэн эрхийн хугацаанд нь аливаа улс төрөөс ангид байлгаж хууль заасан хугацаанд нь ажиллуулдаг байх нь хамгийн чухал байна.
–Намрын чуулганыг хүлээж байсан бас нэг чухал асуудал бол Зам, тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх, томилох асуудал. Дараагийн сайд нарын нэрс ч албан бусаар бичигдээд эхэлсэн. Бүлэг болон намын Удирдах зөвлөл дараагийн сайдын асуудлаар ярьсан зүйл бий юу?
-Сайдын асуудлыг шийдэх эрх нь МАН-ын Удирдах зөвлөлд бий. Зам тээврийн, хөгжлийн дараагийн сайдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд л байна. Намайг ч сайд болох нь гэх мэтээр хэд хэдэн нэрс байсан. Өнөөдөртөө МАН-ын Удирдах зөвлөл, намын хүрээнд тэр хүнийг сайдаар томилно гэх асуудал яригдаагүй. Удахгүй Удирдах зөвлөл шийдвэрээ гаргах байх. Хэвлэл мэдээллээр бичигдэж байгаа шиг би сайд болохгүй.
–Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн МАН-ын даргын сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-ын 32, 33-ын хуваагдал илүү тод харагдах шиг. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын бүтцэд ч өөрчлөлт орох болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд яригдаад байгаа?
-Хардлага хаа сайгүй л байна. Ер нь бол МАН-ын бүлэг дотор, Засгийн газрыг унагаах тухай асуудал байхгүй. Орон нутагт яваад иргэдтэй уулзаж байхад Засгийн газар, төрөө тогтвортой байлгахыг л шаардаж байгаа. Тиймээс улстөрчид хувийн эрх ашгийн төлөө бус, Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө ажиллана гэж сонгогдсон гэдгээ санаж ажиллах ёстой.
-Нийслэлийн МАН-ын сонгуулиар ч бусад асуудал дээр ч МАН-ын бүлэг албан бусаар хоёр хуваагдсан байна. Бүрэн эрхийн хугацааны тал хэсэг нь өнгөрсөн байна. Одоо ер нь талцлаа зогсоогоод 64-ын бүлэг болоод явах боломж байна уу?
-Гаднаас нь харахад 32, 33 гэж харагдаад байгаа байх л даа. Яг өнөөдөр бид 32, 33 гээд хэрэлдээд байгаа зүйл байхгүй. Манай нам бүх шатны дарга нарыг өрсөлдөөний зарчмаар л сонгодог. Энэ зарчмаар л нийслэлийн МАН-ын дарга сонгогдсон. Миний хувьд орон нутгийн намын удирдлагыг тухайн шатанд алба хашиж байгаа хүмүүс авч явах ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг хүн.
-Энэ хурлын дараа нийслэлийн удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулах болов уу гэсэн хардлага байна?
-Нийслэлийн намын дарга томилогдсон ч хотын даргыг өөрчлөх тухай асуудал яригдаагүй гэж би ойлгож байгаа. Бид байгаа бүтцээ хадгалах зарчим баримтлах нь манай намд хамгийн чухал. Би хувьдаа Д.Сумъяабазар, С.Батболд хоёрыг эв нэгдэлтэй, хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Тэгж байж бид 2020 оны сонгуульд үр дүн гаргана.
-Энэ өдрүүдэд намрын чуулганы хамгийн чухал асуудал 2019 оны төсөв хэлэлцэгддэг. Энэ жилийн төсөв алдагдалтай, олон тулгуурт бодлого тусгаагүй гэх мэт шүүмжлэлүүд гараад эхэллээ?
-Жил бүрийн төсөв хэлэлцэх үед гардаг л шүүмжлэлүүд. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж нэг үг бий. Өнөөдөр Монголын эдийн засаг нэг үеэ бодвол сайжирч байна. Хоёр жилийн хугацаанд явуулсан улс төр, эдийн засгийн бодлого тодорхой эерэг өөрчлөлт авчирсан учраас хоёр Засгийн газрыг муу ажилласан гэж үзэх үндэс байхгүй. Өргөн барьсан төсөвтэй нэг бүрчлэн танилцаагүй байна. Ерөнхий бүтцийг нь харахад өр авлага, алдагдлаа тодорхой түвшинд буулгасан, хамгийн чухал нь цалин хөлсийг 720 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох, 550 гаруй тэрбум төгрөгийн баялгийн сангийн хуримтлал бий болгохоор төсөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, дууссан байсан эрсдэлийн санг нэмэгдүүлж, баялгийн сантай болох, хуримтлал үүсгэн эгзэгтэй үед ашиглаж байх боломж бүрдүүлсэн төсөв. Эдийн засгийн бааз сууриа цэгцлэн зөв голдрилд нь оруулахын төлөө ажиллаж байна. Олсон бүхнээ тарааж цацаад байлгүй бага боловч хуримтлал бий болгож, эдийн засгийн багахан доргионд хийсчихгүй байх санхүү эдийн засгийн нөөцтэй болох суурь тавигдаж эхэлж байна гэж харж болохоор байна.
Тиймээс улстөрчид нам, улс төрөө харсан биш улс орноо бодсон зөв шийдвэр гаргаж ажиллаасай гэж хүсч байна. Тэгж чадвал бид хөгжлийн зөв сууриа тавих үндсэн боломжуудаа бий болгоно. Эс чадвал үүлэн чөлөөний нар шиг тохиож байгаа ашигт малтмал түүхий эдийн үнэ өсөж байгаа нэн таатай нөхцөлийг ашиглаж чадалгүй алдах болно. Тэгээд хэдэн жилийн дараа нөгөө л тамын тогооны үлгэрээ яриад чи би идсэн, амласан амлаагүй, цалин тэтгэвэр нэмсэн нэмээгүй гэдэг хэрүүлээ хийсээр байх болно. Ийм зүйлийг давтахгүйн тулд эдийн засгийн хувьд хатуу бодлого явуулах ёстой. Олон улсын валютын сангийн хөтөлбөрөө нягт биелүүлэх ёстой.
–Сонгуулийн хуулиудыг салгах, Улс төрийн намын тухай зэрэг хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. Эрх баригчид өөрсдөдөө зориулж хууль өөрчлөх нь гэх яриаг нөгөө намуудын зүгээс илэрхийлээд байгаа?
-Сонгуулийн нэгдсэн хуулийг гурав салгаж, Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гэж тус тусад нь болгож байгаа. Өнгөрсөн сонгуулиас харахад нэгдсэн хуулиар, нэг өдөр зохион байгуулах нь маш их чирэгдэл ихтэй, засаглалын хямрал үүсэх өндөр магадлалтай учраас тусад нь гаргахаар шийдвэрлэсэн. Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр өөрчлөх боломжгүй. Үндсэн хуульд мажоритар системээр явуулна гэж заасан учраас том, жижиг пропорционалын аль нэгийг сонгоод явна.
-Монголпрагматизм гээд та нийтлэл бичсэн байсан. Энэ талаар УИХ-ын дарга ч чуулганы нээлтийн үгэндээ дурдсан. Монголпрагматизм гэж юу юм бэ?
-Би энэ санааг зүгээр нэг гаргаж ирсэн зүйл биш. Монголын улс төрийн том тогоонд би сүүлийн 10 гаруй жил явж, сайн, муу бүх зүйлтэй нүүр тулж байна. Сүүлийн үеийн судалгаануудыг харахад улс төрийн намууд, ялангуяа МАН, АН хоёрт ард түмний итгэх итгэл маш их суларчээ. МАН, АН хоёр үзэл баримтлалын ялгаагүй болсон учраас МАНАН, АНМАН гэх мэтээр элдвээр хэлж ярьж бичиж байна. Тэгэхээр аливаа асуудалд бодитой хандах цаг болжээ. Прагматизм гэдэг нь бодитой хандах тухай л юм. Аливаа асуудалд попролгүй, өөрийн болон улс төрийн намын эрх ашгийг харж шийдвэр гаргах бус бодит амьдрал дээр асуудлыг яаж бодитойгоор шийдэх вэ гэдэг зарчмаар явах зайлшгүй шаардлагатай болж байгаа учраас энэ сэдвийг хөндсөн. Хөгжиж байгаа Сингапур, хойд Европ болон Герман, Норвеги зэрэг орнуудын туршлагуудыг судлан мэддэг хүмүүсийнх нь саналыг нэгтгэж, санаа оноогоо нийгэмд хүргэх бодлоор бичсэн юм. Түүнээс цэцэн, цэлмэг, ухаантай хүн болох гэж энэ санааг гаргаж тавиагүй юм шүү. Бусад хүмүүс ч зөв ойлгож өөрсдийнхөө санаа, оноог хэлээсэй гэж хүсч байна.