Төсвийн “алуурчин” ба “аврагч”

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Төсвийн “алуурчин” ба “аврагч”

Төсвийн “алуурчин” ба “аврагч”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн бариад тав хонолоо. Төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан нарийн ширийнийг зарим гишүүнээс лавлахад “Одоогоор хуулийн төсөл гар дээр ирээгүй байна” гэсэн юм. Сангийн сайд маргааш /2018.10.04/ өглөө хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын 2019 оны төсвийн талаар нээлттэй ярилцахаар болжээ. Мөн тус яамнаас “Иргэдийн төсөв-2019” товхимол хэвлүүлж ирэх оны төсвийн төслийг энгийнээр танилцуулсан нь онцлог байлаа. Түүнчлэн улсын төсвийг өргөн барихад бэлтгэж “баринтагласан”өндөр мэдлэг боловсролтой багийнхнаараа гайхуулсан нь олон нийтийн итгэх итгэлд цучил нэмсэн болов уу.

Одоогоор ил байгаа тоог танилцуулбал, Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг есөн их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцсон байна. Өнгөрсөн оныхоос зарлага нь бараг хоёр их наяд төгрөгөөр өсч, орлогоо 2.5 их наяд төгрөгөөр өссөн байхаар тооцоолжээ.

Ирэх онд төсвийн орлогын 88.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр зорьсон байна. Гэхдээ энэ намрын чуулганаар хэлэлцэх татвартай холбоотой хуулиудаас ихээхэн шалтгаалах болов уу. Одоогоор өргөн барьсан төсөл дотор бол нийт 9.6 их наядын орлогынхоо 8.5 их наяд төгрөгийг татвараас олно гэж тооцсон байна. Тухайлбал 23.5 хувийг орлогын албан татвараар, 19.8 хувийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор, 27 хувийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор, 9.8 хувийг онцгой албан татварын орлогоор, 19.9 хувийг бусад байдлаар бүрдүүлэх аж. Мөн уул уурхайн салбараас 3 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон ч энэ нь бүтээгдэхүүний үнэ, ханштай холбоотой байдаг эрсдэл ихтэй билээ. Төсвийн төсөлд ирэх онд нэг тонн зэсийн үнийг 6.222.2 ам.доллар, нүүрсний үнийг 75.9 ам.доллараар тооцсон нь маш өөдрөг төсөөлөл гэж хэлж болно. Учир нь өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын биржид зэсийн ханш 6240 ам.доллар байна. Хэрэв “АНУ-ын эдийн засаг 2020 оноос агшина” гэсэн бараан мэдээ үнэн бол хямралын урьдал болгож ханш “хөдлөхийг” үгүйсгэхгүй.

Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2018-2019 оны  эдийн  засгийн төлөвийг танилцуулсан. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэж таамагласан бөгөөд “өсөлтийг өсгөсөн” шалтгаанаа мөнөөх л нүүрсний экспортын өсөлтөөр тайлбарласан. Харин уул уурхайн хөрөнгө оруулалт цаашид үргэлжлэх хэдий ч өсөлт нь саарснаар 2019 онд ДНБ-ий  өсөлт бага зэрэг буурна гэсэн нь түгшүүр төрүүлж байсан юм. Тэд ч мөн “Эдийн засаг зарим хүчин зүйлд мэдрэг хэвээр байгаа тул ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай  үргэлжлүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэх хэрэгтэй. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй  байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээн онцолсон.

Тэгэхээр товчхондоо ирэх оны төсвийн “алуурчин” нь юуны өмнө улс төрийн тогтворгүй байдал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурах, экспортын хэмжээ болон уул уурхайнн гаралтай бүтээгдэхүүний ханш буурах явдал. Харин “аврагч” нь эсрэгээрээ экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн гол нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр байх хэвээрээ аж.

Үүнээс цааш Сангийн сайд төсвийн алдагдлаа хэрхэн бууруулах, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах төлөвлөгөөгөө танилцуулах биз ээ. Түүнд бяцхан хасах дүнтэй тоо хүртэл аюултай. Учир нь 2019 оны төсвийг амжилттай баталлаа гэхэд өнөөгийн нөхцөл байдал дээр ойрын үед төлөх өр, зээлүүд, мөн дараалан болох улс төрийн хоёр том сонгуулийн дараах Монголын эдийн засаг ард түмний амьжиргаанд яаж тусах бол гэдгийг бодолцож өнөөдрийн бодлогоо тодорхойлох учиртай.

Одоогоор төсвийн төсөлд тусгаснаар нийт урсгал зардлыг бүтцийн хувьд авч үзвэл цалин хөлс 27 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 22 хувь, зээлийн хүүгийн зардал 11 хувь, татаас ба урсгал шилжүүлгийн зардал 41 хувийг тус тус эзэлж байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хүлээлттэй гээд бодохоор цалингийн сан, тэтгэвэр тэтгэмж зэрэг танах, хасахад бэрх зардлууд жин дарсаар байгаа юм. Харин дэд сайдуудыг цөөлөх зэргээр нэг тэрбум ч атугай төгрөг хэмнэх тухай санал төдий дурдагдаж буй ч төсвийн төсөлд тусгаагүй байна билээ.

Хамгийн тодорхой зүйл гэвэл энэ намрын чуулганаар татварын орчинд ямар өөрчлөлт орох бол гэдгээс төсвийн орлого хамааралтай. Сангийн сайд саяхан Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны ээлжит олон улсын татварын хуралд оролцох үеэрээ “ Аливаа улс орны хөгжил дэвшил нь тухайн улсын татварын тогтолцоо, хууль эрх зүйн орчинтой шууд холбоотой. Иймд бид өнөөгийн техник, технологийн хурдацтай хөгжил, худалдаа үйлчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, эдийн засаг бизнесийн улам нарийсч буй харилцааг зохицуулахын тулд татварын асуудлыг бодлогын хувьд олон улсын түвшинд гаргах шаардлагатай болсон.

Ялангуяа, аль нэг татвар төлөгчийг ялгаварладаггүй, тэгш шударга үйлчилдэг хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх гарцаагүй шаардлага бий болсон. Цөөн хэдэн аж ахуй нэгж хүндийн дийлэнхийг үүрдэг бус, ногдсон татвараа бүгд, саадгүй төлдөг тийм орчинг бүрдүүлэхийн төлөө ухаанаа уралдуулах шаардлагатай” гэсэн юм. Засгийн газраас УИХ-д Татварын багц хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахын өмнөх түүний байр суурь ийм байгаа аж.

Татварын багц хууль, төсвийн зарлагын реформ хийгээд Хүний хөгжил сангаас дамжин ирсэн 1 их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр нэг их наяд гаруй төгрөгийг хуримтлуулах “цахилгаан төлөвлөгөө” Сангийн сайдын төсөөлсөн өсөлт, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд саад бүү болоосой гэж хүсэх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж