Засгийн газрын ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 12-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Дээрх хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдах өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158, 158-ийн 1, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна. Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.
Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг баталлаа
2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Тээврийн салбарт байгуулсан “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –үүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталлаа.
Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт, эдийн засгийн шинэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортлох боломжийг баталгаажуулах зорилгоор далайд гарах гарцын тоог нэмэгдүүлэх, Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомтуудад хүрэх хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Эдгээр хэлэлцээрээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжуулан тээвэрлэх чиглэл, тоо хэмжээ, тарифын хөнгөлөлт, татвар хураамжийн нөхцөл, тэдгээрийн үйлчлэх хугацаа зэргийг манай улсад ашигтай байхаар тохиролцсон бөгөөд Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлж, Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин гэсэн 7 боомтыг ашиглахаар тусгасан нь манай улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, тээврийг хөнгөвчлөх ач холбогдолтой.
Хоёр улсын харилцаанд гарсан энэхүү дэвшил нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, тээврийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ хуудас нээх юм.
Өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзлээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтов.
Тус хуульд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх ерөнхий механизмыг тусгажээ. Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 баталж, 2012 онд тус банкийг байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар хязгаарлагдаж, Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байна. Хуульд заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувь хүрэхээр байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлага байна.
Энэ шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэн бууруулахаар холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.
Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн ДНБ-ий 5, 2016 онд 4, 2017 онд 3, 2018 онд 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсруулсан байна.
Засгийн газрын X байрыг эзэмшил газрын хамт дуудлагаар худалдана
Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргажээ. Эдгээр барилга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр “Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөх, засч тохижуулахад хамгийн тохиромжтой гэж үзжээ.
Гэвч тус компанийн хувьцааны 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшиж байгаа тул дээрх барилгад эмнэлэг байгуулах асуудал ихээхэн төвөгтэй, удаашрах шинжтэй байна. Бусад барилга нь “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм”, өрөөний гэрэлтүүлгийн төлөвлөлтийн шаардлага хангаагүй, барилгад эвдрэл, ан цав үүссэн болон бусад үндэслэлээр хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн байна. Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, төвлөрүүлсэн орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгалаа.
Ажлын хэсэг байгууллаа
Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтэц байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах, нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах зэрэг ажлыг хийх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ахлах бөгөөд санал, дүгнэлтээ 2015 оны 1 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газарт танилцуулна.
Товч мэдээ
– Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний 67 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг татан буулгаж, аймгийн Байгаль орчны газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газрыг Эрүүл мэнд, спортын газар гэж тус тус өөрчлөхөөр боллоо.
– Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа.
– УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, тодорхой саналуудыг хууль санаачлагч нарт уламжлах нь зүйтэй гэж тогтжээ.
– “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталж, тус комиссын бүтэц, орон тоог шинэчлэн зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрлөө. Дүрэм шинэчлэгдсэнээр төв болон орон нутгийн комиссын эрх үүрэг тодорхой болж, бүрэлдэхүүнийг шалгаруулалтаар томилох бөгөөд оролцогч талууд болон эрүүл мэндийн байгууллагын хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэн, эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааны чанар сайжирна гэж үзэж байна.
– Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөлд дуудлага худалдаа явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлэхээр заасан нь дуудлага худалдааг зохион байгуулах ажил сунжрах нөхцөл болж байна гэж үзээд хуулийн төсөлд дуудлага худалдааг 14 хоногийн өмнө зарладаг болгож өөрчлөхөөр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.