Дэлхий ертөнц дээр хамгийн их оодорч байгаа валют өнөөдөр ам.доллар болж байна. Хаан суудалд залраад байгаа ам.долларын эсрэг улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж эхэлсэн нь Д.Трампын бодлоготой холбоотойг олон улсын шинжээчид бичиж байна. Монгол төгрөгийн ханш он гарсаар тасралтгүй суларчээ. Тиймээс энэ удаад ам.доллар яагаад өсч байгаа талаар улс төржихөөс илүү улс орнууд үүний эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар өгүүлье.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2017 онд засгийн эрх барьж эхэлснээсээ хойш гадаад харилцаа болон эдийн засгийн бодлогодоо эрс өөрчлөлт хийж байгаа билээ. Үүний нэг бол худалдааны дайн юм. Худалдааны дайнд эмзэг эдийн засагтай, хөгжиж яваа орнууд илүүтэй өртөж байна. Мөн энэ дайны эсрэг улс орнууд ч тодорхой арга хэмжээ авч эхлээд байгаа билээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс АНУ-ын эрх ашгийг нэгд тавьж, БНХАУ, Европын холбоо, Өмнөд Солонгос, Япон зэрэг олон улс орнуудтай худалдааны дайн зарласан. Үр дүнд нь АНУ-ын эдийн засаг өсч, ам.долларын үнэ ханш чангарч байна.
Трампын “Америк хамгийн эхэнд” бодлогын хүрээнд АНУ-ын зүгээс улс орнуудтай байгуулсан өмнөх худалдааны гэрээгээ дахин нягталж алдагдалтай гэх зүйлийг засч эхэлсэн.
Тэгвэл АНУ-ын долларын үнэ ханшийг сулруулахаар дэлхийн улс орнууд дор дороо арга хэмжээ авч байна. Энэ оны эхээр Их Британид болсон новичок химийн хорт бодисоос болж ОХУ-д АНУ хориг тавьсан нь рубль мөнгөн дэвсгэртийн ханшийг савлуулсан юм. Ерөнхийлөгч Владимир Путин дотоодын эдийн засгийн эргэлтээс ам.долларыг шахан гаргах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр болоод байна.
Уг төлөвлөгөө нь гурван үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үед импорт болон экспортын бараа бүтээгдэхүүнүүдийн гүйлгээг ам.доллар бус евро, юань рублиэр хийхийг тэргүүнд тавьж байгаа аж. ОХУ-ын нутаг дэвсгэрт явуулж буй АНУ-ын компаниудын хувьцааг эзэмшиж, мөн евробондын сан хуримтлуулах аж.
“Бид АНУ-ын доллараар дарамталсан худалдааны системд найдаж болохгүй. Яагаад гэвэл АНУ олон талт хориг тавьж, дэлхийн худалдааны байгууллагын тогтоосон дүрэм журмуудыг зөрчиж байна” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн тавдугаар сард мэдэгджээ.
ОХУ-ын эрх баригчид ам.доллараас хараат бус байх бодлогын эхний алхам нь рублийн ханшийг өсгөхөөр газрын тосны үнийг нэмэгдүүлээд байна.
Д.Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулаад байна. Хариу болгож БНХАУ-ын зүгээс АНУ-ын 60 тэрбум ам.доллартай тэнцэх бараанд татвар ногдуулсан билээ. Одоогийн байдлаар БНХАУ нэмж, АНУ-ын 110 тэрбум ам.доллартай тэнцэх бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулахаар бэлтгэж байгаа ажээ.
БНХАУ-ын эрх баригчид өөрсдийн гаргасан төлөвлөгөөний дагуу ам.долларын ханшийг бууруулахаар тэмцэж эхэлжээ. Юуны өмнө юанийн ханшийг тогтвортой барихад анхаарал хандуулах болсон байна. 2018 он гарснаар худалдааны дайнаас болж нэг ам.доллартай тэнцэх юанийн ханш даруй 15 хувь хүртлээ буураад байсан ч эргээд тогтворжиж байгаа аж.
Олон улсын валютын сангаас гаргасан судалгаагаар БНХАУ-ын төв банк 193.4 тэрбум ам.доллартай тэнцэх юанийн хуримтлал үүсгэсэн талаар дэлгэсэн.
“Худалдааны дайны тааварлашгүй үр дагавраас болж Хятадын төв банкнууд юанийн хуримтлал үүсгэж байна. Яагаад гэвэл тэд юанийг үнэгүйдэхээс сэргийлж, мөн хямдхан хөрөнгө оруулалтаас түр зуурын хугацаанд татгалзаж байна” хэмээн DBS банкны эдийн засгийн судлаач Крис Лүйнг SCMP агентлагт ярьжээ.
Ам.доллар, евротой харьцуулбал юань нь чөлөөтэй хөрвөж чаддаггүй мөнгөн дэвсгэрт учир БНХАУ-ын төв банк өдөрт тодорхой квот зарлан арилждаг ажээ.
Харин Европын холбооны улс орнууд олон талт хэлэлцээр байгуулан, хамтран ажиллаж, өдрөөс өдөрт цойлж буй ам.долларын ханшны эсрэг тэмцэх арга хэмжээ авч байна. Эсвэл АНУ-ын шаардлагад нийцсэн худалдааны гэрээ байгуулдаг.
Дэлхийн эдийн засагт ам.долларын ханш өсч хэрхэн улс орнуудыг арга хэмжээ авахад хүргэж байгаа тохиолдол нь бизнес, худалдааны зах зээл ам.доллараас хамааралтай болсныг илтгэж байна. Хөгжингүй улс орнууд ам.доллараас хамааралгүй бие даасан эдийн засагтай болохыг эрмэлзэж байгаа аж. Харин хөгжиж буй орнууд ам.долларын өсөлтийн улмаас хямралд өртөх нь ихсэж байгаа нь санаа зовниулсан асуудал мөн.
Худалдааны дайн Монголд ч сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш ам.долларын ханш даруй 100 төгрөгөөр өсчээ. Нэг ам.доллар өчигдрийн байдлаар 2571 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид өссөөр байвал эдийн засгийг хямрааж болзошгүйг эдийн засагчид анхааруулж, ханшийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа нь ам.долларын зээл авсан аж ахуй нэгжүүд гэдгийг ч онцлох болсон. Ам.долларын ханшийн барихын тулд Монголбанк интервенц хийдэг. Валютын нөөц хангалттай, хатуу валют болох алтны худалдан авалт сайжирсан байтал Монголбанк чимээгүй суугаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй.
Эцэст нь хэлэхэд улс орнууд худалдааны дайны эсрэг, Д.Трампын бодлогоор хөөрөгдөж буй ам.долларын өсөлтийн эсрэг өөрсдийнхөө арга хэмжээг аваад эхэлсэн бол Монголын Засгийн газар, Төв банк ямар арга хэмжээ авахыг харах л үлдэж байна.
Г. МАНДАХ