П.Орхоны оронд С.Батцэцэг барилдана

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

ДОПИНГ - Чөлөөт бөх-ДАШТ 2018

П.Орхоны оронд С.Батцэцэг барилдана

- Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, П.Орхоны оронд олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэгийг явуулахаар болсон байна -

П.Орхоны оронд С.Батцэцэг барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-28-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт болно. Энэхүү тэмцээнд шилдэг тамирчдын нэг П.Орхон оролцохгүй болсон байна. Түүний оронд С.Батцэцэгийг сонгожээ.

П.Орхон өнгөрөгч наймдугаар сард Индонезийн Жакарта хотод болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэрбээр тэмцээний дараа авсан допингийн шинжилгээнд бүдэрч Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос Монголын Үндэсний олимпийн хороонд ирүүлсэн бичигт дурьдсанаар түүний амжилтыг үр дүнгүйд тооцсон билээ. Одоогоор Монгол Улсын Азийн наадамд авсан алтан медалийн тоо тав байсан бол дөрөв болж, 16-р байраас 17-р байр руу нэг байраар ухарсан юм.

Азийн наадмын үеэр П.Орхоноос авсан шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн мэдэгдэл Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, Дэлхийн бөхийн холбоо (UWW), Азийн бөхийн холбоо (AAWC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) зэрэг байгууллагуудад ирсэн.  Нэг хэсэг спорт сонирхчдыг шуугиулсан энэ асуудал Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах шийдвэрийг хүлээж байгааг албаныхан хэллээ.

Сэргээшийн асуудлаас болж  чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, П.Орхоны оронд олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэгийг явуулахаар болсон байна.

П.Орхон энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.  Хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гавъяат тамирчин П.Орхон энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Мөн түүнд оногдох шийтгэлийн хугацаа одоогоор тодорхой бус байгааг албаны хүн хэлсэн юм.

Энэ жил 25 настай П.Орхон “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь юм. Тэрбээр 2016 оны нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотод болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээнд 58 кг-д түрүүлж байлаа.

Энэ тэмцээний финалд олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог ялж, тухайн үед томоохон дуулианыг дэлхийн спортын түүхэнд бичсэн билээ.

П.Орхон 2016 оны хоёрдугаар сард нь Казахстанд болсон тэмцээнд олимпийн эрхийг авч, Риогийн наадамд барилдсан юм. Өнгөрсөн онд Францын Парист болсон ДАШТ-д 63 кг-д түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртэж, улмаар гавьяат тамирчин болсон. Харамсалтай нь, өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадамд түрүүлэхдээ хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Болсон явдлыг эргэн сануулахад, Азийн наадмын үеэр авсан шинжилгээнийх нь дээжнээс анаболик стеройд төрлийн бодис илэрснийг Азийн олимпын зөвлөлөөс албан ёсоор баталж, “Жакарта-Палаембан-2018”-аас авсан алтан медалийг нь хураах шийдвэр гаргасан.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж