Аравдугаар сарын 1-нд ахмадын баярын өдөр тохиосон. Энэ өдөр НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу архи зардаггүй. Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах найман нэрийн барааны дэлгүүр, супер маркетуудаар орвол “Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй” гэсэн бичиг хадаж, пиво, архи зэргийг даавуугаар хучиж, хаалт тавьжээ. Гэвч цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ өдөр нийслэлийн хэмжээнд 87 хүн эрүүлжүүлэгджээ. Жирийн өдрүүдэд нийслэлийн дүүргүүдийн Түр саатуулах байранд хоногтоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс 150-160 хүн ирдгээс 70 хувь нь 18-34 насныхан аж. Харин баярын өдрүүдэд энэ тоо 250-260-д хүрч өсдөг байна.
Сар бүрийн эхэнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох шийдвэрийг дэлгүүр, супер маркетын эзэд, худалдагч нар мөрдөж байгаа ч интернет орчинд өдөр, цаг хамаарахгүйгээр хэний ч хараа хяналтгүйгээр, хэнд ч хамаагүй согтууруулах ундаа зарж борлуулдаг болжээ.
Фэйсбүүк хуудсанд “Mongolian party community /Mongoliin shouchdiin holboo” гэх нууц групп нээгдэж, нийт 16 мянган гишүүнтэй болсон байна. Насанд хүрээгүй хүүхдээс эхлээд бүхий л насныхан нэгджээ. Гэхдээ тэн хагас нь оюутан залуус. Энэ группт шинээр нээгдсэн баар, лоунжны танилцуулга, үдэшлэг, шоуны тов, архи зардаггүй өдөр ажилладаг согтууруулах ундаагаа үйлчлэх газар, тэр бүү хэл согтууруулах ундааны хүргэлтийн талаарх бүх мэдээллийг байршуулсан байх аж.
Харин энэ группт сэтгэгдэл бичигчид нь ихэвчлэн өсвөр насны охид, хөвгүүд. Хоорондоо интернетээр холбогдон, хаана, архи, согтууруулах ундаа уух талаараа ярилцаж, болзоо тогтооно.
Мөн фэйсбүүк хуудсанд “Архи, пиво хүргэлт”, “Архи хүргэлт” гэх мэт ямар ч мэдээлэл, зураггүй хаягууд олон байх аж.
Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ цахим орчинд ямар группт элссэнийг нь анхаарч, холбогдох байгууллагууд дээрх групп, хаягийг хугацаа алдалгүй устгах арга хэмжээ авахгүй бол цахим сүлжээгээр дамжуулан өсвөр насныхан архидаж, гэмт хэрэгт татагдах эрсдэл өндөр байна.
М.БААСАНДЭЛГЭР
Холбоотой мэдээ