Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган боллоо

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2015.01.13/ Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган Төрийн ордны Их танхимд болж өнгөрлөө.

Анхдугаар чуулганыг нээж Үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Моондой үг хэлсэн юм.

Тэрээр, Одоогоос 23 жилийн өмнө Ардын Их Хурлын депутат бид улс төрийн ардчиллыг баталгаажуулсан, хүний эрхийг дээдэлсэн, төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засаг, олон ургалч үзлийг зөвшөөрсөн, ард түмнээсээ сонгогдох парламентын засаглал, төрийн эрх мэдлийг зохистой хувиарласан тогтолцоотой, хобооны бус, төрийн нэгдмэл байгууламжтай, засаг захиргааны нэгжүүд нь төрийн ба өөрөө удирдах ёсонд үндэслэсэн нутгийн удирдлагатай, Үндсэн хуулийн шүүхийн хяналттай цоо шинэ Ардчилсан үндсэн хуулиа баталсан билээ.

Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхэд манай орны 900 гаруй мянга гаруй хүн оролцсон 415428 хүн үг хэлж, давхардсан тоогоор 5177 снал ирүүлсэн юм. Эдгээр саналыг нэгтгэн дүгнэж судлан төсөлд тусгах ажлын 10 хэсгийг удирдах ажилтан, тэргүүлэгч эрдэмтэд, мэргэжилтэн нийт 90 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан юм. Иймд үндсэн хууль нь депутат та бүхний төдийгүй Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл мөн.

Тэр үеийн АИХ-ын депутатууд, Улсын бага хурлын гишүүд аливаа асуудалд үнэнч шударга хандах хандлага-эх орон, ард түмний эрх ашгийг дээдлэх чанар, ёс зүйгээрээ төр засагт ажиллаж байгаа сүүлийн үеийн зарим хүмүүсээс эрс өөр байсан юм. Бид улс төрийн хуйвалдаан хийдэггүй, нам, хэсэг бүлэг болон хувийн сонирхлыг ард түмний эрх ашгаас дээгүүр тавьдаггүй байсан. Бидний дунд хуучнаа хамгаалах, хөгжилд саад хийх эсхүл хэт хувьсгалч сонирхлын ямарч бүлэглэл байгаагүй. Харин ирээдүйгээ олон өнцгөөс харж, янз янзаар төсөөлж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ухаан бодлоо уралдууж санал, дүгнэлтээ илэрхийлж байсан.

АИХ-ын депутатууд та бид нэгэн үед ард түмнийхээ бүрэн эрхт төлөөлөгч болж Үндсэн хууль тогтоогч байсан бол одоо хэрэгжүүлэгч, хяналт тавигч болох учиртай.

Өнгөрсөн 23 жилийн хугацаанд олсон ололт амжилтын зэрэгцээ дутагдал доголдол депутатууд бидний төсөөлж байснаас хавьгүй их байсныг хэлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлаагүй, ухаараагүй, төрийн ажлын мэдлэг, туршлагаар дульхан зарим улс төрчид Үндсэн хуулийн боломж чадавхийг бүрэн ашиглахын оронд өөрсдийн гаргасан алдаа дутагдлаа үндсэн хуулинаас л болсон мэтээр мэдэмхийрч байгааг Үндсэн хууль тогтоогчдын холбоо буруушааж байна.

Харин Үндсэн хууль тогтоогчдын холбооноос санаачлан тухайн жилд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг нийт иргэдэд хамгийн сайн сурталчласан эрдэмтэн судлаачид Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулж байх тухай саналыг дэмжин захирамж гаргаж уг шагналыг бий болгосон УИХ-ын дарга З.Энхболдод талархаж байгаагаа нийт депутатуудынхаа нэрийн өмнөөс илэрхийлж байна гэв.

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын Холбооны шинээр сонгогдсон Удирдах зөвлөл 2014 оны 2 дугаар сараас Дотоод ажлын, Үндсэн хууль сахиулах, Үндсэн хуулийн соён гэгээрүүлэх, Депутатууд, нийгмийн бодлогын, Депутатууд, холбооны санхүүгийн гэсэн орон тооны бус таван алба, 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Түүнчлэн 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа зэрэгцэн сууж батлалцсан нийт 430 депутатаас өнөөдрийн байдлаар 289 хүн амьд сэрүүн байгаа юм байна.

Анхдугаар чуулганы хуралдааныг тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах удирдан явуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн илтгэлийн дараа АИХ-ын депутатууд үг хэлсэн.

Үндсэн хуулийн хэрэгжилт, дагаж мөрдөх болон сурталчлан таниулах цаашид авах арга хэмжээний талаар Депутатуудын санал бодол, үгээ хэлсний дараа хуралдаан даргалагчийн зүгээс санал хураах болохыг мэдэгдэв.

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт хандан Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчилж, парламент ёс, хууль дээдлэх мэдлэг боловсролыг ард иргэдэд эзэмшүүлэх, үндсэн хуультай холбоотой өв соёлыг бий болгох, хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төслийг санаачлах, Үндсэн хуулийн музей, үзмэр, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах тухай хоёр асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэнийг чуулганд оролцсон депутатууд санал нэгтэй дэмжсэн юм.

Анхдугаар чуулганд Ардчилсан Үндсэн хуул тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, гүйцэтгэх захирал Д.Мандах, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Н.Батбаяр нар болон АИХ-ын депутатууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж