Шинэчлэлийн Засгийн газрыг “Дэнзэнгүүд олширлоо” гэж ирээд л баалдаг байсан сөрөг хүчин шийдлийн засгийг хамтарч байгуулах голлох яамдыг авсан. Тэгвэл МАН-аас томилогдсон сайд нар хэзээний халаа, сэлгээгээ эхлүүлж өөрсдийн хүнээ чухал албан тушаалд томилж эхэлжээ. Тэдний нэг нь Зам тээврийн сайд Н.Төмөрхүү. УИХ-ын гишүүний төлөөх тулаанд Өвөрхангайд өрсөлдөж, багагүй хэрэг, зарга болсон ч АН-ын нэр дэвшигчдэд тахимаа өгснийхөө хариуд сайдын суудлаар шагнуулсан гэгдэх түүнийг хуурамч дипломтой, сургууль төгсөөгүй гэдэг.
Гэхдээ хулхины дипломтой гэдэг яриа нь “Тусгаар тогтнолын ордон”-г барихад саад болоогүй. Ингэснээрээ ч энхрий хайрт намдаа эрхгүй гавъяа байгуулсан хүний тоонд зүй ёсоор тооцогддог. Тэрээр “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажилладаг. Түүний бизнес амжилттай байдаг шалтгаан нь ард нь Төрийн өмчийн хорооны болон "Эрдэнэт" үйлдвэрийн нөлөө бүхий хүмүүс байдаг гэх яриа байдаг. Тиймээс ч түүний бизнес амжилттай явдаг төдийгүй хэвлэл, мэдээллийн салбарт ч нөлөөгөө тогтоохоор www.zaluu.com-ийг худалдан авсан гэдгийг хэсэгтээ шуугиж, хэн хүнгүй мэдэх болсон. Тэгвэл тэрээр саяхан ИНЕГ-ын Санхүүгийн асуудал хариуцсан захирлаар тус сайтын захирлаар ажиллаж байсан О.Дагвадоржийг томилжээ. О.Дагвадоржийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нуувчинд байлгах маягаар худалдаж авсан мэдээллийн хэрэгслийнхээ захирлаар тавиад байсан сайд ийнхүү ил гарган ирлээ.
Харин үүнд нь ИНЕГ-ынхан дургүйцэж байгаа ч арваар яригдах мянгаар цомотгол хийхээ мэдэгдэж айлгаад буй Засгийн газрын сайдаас эмээж, амаа хамхихаад ажлаа хийгээд суухаас өөр аргагүйд хүрсэн дуулдана.
О.Дагвадоржийн хувьд, Эрдэнэтэд төрийн алба хашиж байсан бөгөөд Эрүүл мэндийн сайд асан Д.Туяагийн туслахаар ажиллаж байсан Завханы залуу юм.
Тэгвэл үүнээс гадна МИАТ-ийн даргад Н.Төмөрхүү сайд өөрийн хүнээ тавихаар болсон талаар мэдээлэл байна. Энэ суудалд Монголын томоохон үйлдвэрлэгчдийн нэг "UFC" группын захирлуудаас нэгийг нь тавихаар болсон талаар сошиал ертөнцөөр шуугиж буйг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
Л.ХАЛИУ