Банкуудын дүрмийн санг нэмэгдүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Банкуудын дүрмийн санг нэмэгдүүлж магадгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа таван асуудал хэлэлцээд Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Бакейгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Ажлын хэсэг нь өргөн хүрээнд судалгаа хийх юм байна. Түүнчлэн банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал гарч ажлын хэсэг судлахаар болжээ.

Мөн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцээд Сангийн яаманд тодорхой үүрэг өгчээ. Энэ нь Засгийн газар өр, хувийн компаниудын өр өнөөдөр хэдий хэмжээнд хүрсэн, өрийг хэдэн онд үе шаттайгаар барагдуулах вэ гэдгийг график гарган оруулж ирэх үүргийг Сангийн яаманд өгсөн байна.

Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд зарим төрлийн татварыг шинээр тогтоох болж байгаа. Үүнийг бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу?

-Татвартай холбоотой асуудал дээр болгоомжтой хандах ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн. Тийм ч учраас таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

-Өрийн удирдлагын тухай хуульд зээл авах компаниудад Засгийн газрын баталгаа гаргана гэсэн заалт байсан. Ингэхдээ компани дампуурвал эрсдлийг нь Засгийн газар хүлээнэ гэж байгаа. Энэ тухай ярилцсан уу?

-Өрийн удирдлагын тухай хуулиар мэдээлэл сонссон. Өр гэж юуг хэлээд байна, ямар өрийг Өрийн удирдлагын тухай хуульд хамруулах вэ гэдгээ тодорхой болгосны дараа нарийвчилж яръя гэдэг шийдэлд хүрсэн.

-Банкны дүрмийн санг нэмэгдүүлье гэдэг санал гарч, шалгуурыг нь хангах банк хэр байх бол?

-Р.Амаржаргал гишүүн ийм санал гаргаж, гишүүд дэмжсэн. Эдийн засгийг сайжруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэхтэй холбоотой юм. Эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа мөнгөн хөрөнгийг оруулж ирэхийн тулд Засгийн газар Эдийн засгийн өршөөлийн хуулиудаа УИХ-д өргөн мэдүүлнэ. Гэхдээ арилжааны банкнаас том дүрмийн сантай банк бус санхүүгийн байгууллага байгуулаад давхар ашиг хийж байна уу гэдэг асуудлыг гишүүд хөндөж, энэ утгаараа дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага байна, үүнийг судалж үзээч ээ гэсэн чиглэл өгсөн. Хэрвээ дүрмийн санг судалж үзэхэд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарах юм бол тодорхой хугацаанд сул байгаа мөнгөнүүд орж ирэх боломжтой. Ялангуяа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулаад борлуулах, 10 хувийн асуудал хөндөгдсөн.

-Ардчилсан намын дарга нарийн бичгийн дарга нараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүнээр томилсон. Бүлгийнхээ гишүүдтэй зөвшилцсөн үү. Сонгууль дөхөж байгаа үед УИХ-ын гишүүдийг давхар ажилд томилох нь хэр зохистой вэ?

-Ардчилсан намын дарга шинэ дарга. Өөрийн багаа бүрдүүлэх эрхтэй, тэр хүрээнд асуудлыг оруулж ирсэн. Бүлэгтэй зөвшилцсөн тэрний дагуу шийдвэр гарсан.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ аар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхийн саналаар хүлээж авалгүй буцаасан. Харин одоо Өрийн удирдлагын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх болж байгаа нь өрийн таазыг нэмэх асуудал дахин орж ирэх нь гэж ойлгож болох уу. Бодит байдал өрийн таазыг өсгөхөөс аргагүй байна. Энэ асуудлыг бүлэг тодорхой ярьсан уу.

-Өрийн таазтай холбоотой асуудлаар Ардчилсан нам Засгийн газрыг байгуулахдаа бүх намуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Түүнд өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар заасан, түүнийгээ Ардчилсан нам мөрдсөн.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж