Байнгын хороо олон улсын конвенц, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Байнгын хороо олон улсын конвенц, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Байнгын хороо олон улсын конвенц, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.02) 13 цаг 24 минутад хувийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага юм. Уг байгууллагыг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийн 20-29 дүгээр зүйлд заасны дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан бөгөөд уг конвенцид 1907 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоогоор 121 улс орон уг байгууллагад гишүүнээр элсээд байгаа аж.

Тус байгууллага нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор үүссэн маргааныг түр арбитрыг байгуулах замаар хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай байгууллага юм. Ингэхдээ маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж ажилладаг байна.

Манай улс тус байгууллагын гишүүн улс болсноор тус арбитрын шүүхийн Санхүүгийн тусламжийн санд хамрагдах эрхтэй болох бөгөөд гишүүн болсон тохиолдолд жилд 1071 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээх юм байна.

Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрчийн үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгуулах эрхтэй байдаг аж.

Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэг тул Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг сайд илтгэлдээ дурдлаа.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, О.Содбилэг нар хуралдаанд оролцсон Гадаад хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийг төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив

Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ оны 07 дугаар 09-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Манай улс БНХАУ-тай иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг. Харин эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүсүүдэд үйлчилдэггүй учраас монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж иржээ. Энэ үндсэн дээр 2016 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулсан бол “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг 2017 оны 05 дугаар сард үзэглэж, талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зуржээ.

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол улс нь гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 5 гэрээ, мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, БНКазУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээ байгуулахаар ажиллаж байгааг сайд танилцуулгадаа дурдав. Мөн энэ оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэдээс эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтээ байнга ирүүлж байгаа. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ял эдэлж буй иргэд маань  эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг тодотголоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, БНХАУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаас хойш тэнд ял эдэлж байсан 7 иргэнийг шилжүүлж авсан. Одоогоор БНХАУ-д манай 111 иргэн ял эдэлж байгаа бол 190 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Тэдний ихэнх нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэдийн 80 нь, Макаод ял эдэлж байгаа 12 иргэн бүгд хулгайн хэрэгт холбогдсон байгаа гэлээ. Мөн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, мал амьтны гаралтай түүхий эдийг хилээр хууль бусаар оруулсан, хууль бусаар оршин суусан зэрэг гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн болон шалгагдаж байгаа иргэд байна гэдгийг хэллээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулна

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байна. Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд байна. Иймээс энэхүү төслийн хүрээнд Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг ("ландфил") болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд төслийн хүрээнд хийгдэнэ гэдгийг онцоллоо.

Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх аж.

Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол улсын Засгийн газарт олгох юм байна. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд төслийн хүрээнд зээлийн санхүүжилтийн хамт олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтийг оруулан тооцоолоход зээлийн хөнгөлөлтийн түвшин /ОУВС-ийн тооцооллоор/ 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, С.Батболд, Д.Оюунхорол, С.Содбилэг нар Гадаад хэргийн яам, Сангийн яам болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд уг зээл нь урт хугацаатай, нэн таатай нөхцөлтэй, зориулалт нь тодорхой учраас хэлэлцээрийг дэмжиж байгаа, харин Засгийн газар, холбогдох байгууллагууд төслийг шуурхай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд анхаарах, мөн хог хаягдлыг ангилж ялгах, дахин боловсруулах менежментийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг нутагшуулах замаар хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч гаргаж авах, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч холбогдох журам зааврыг яаралтай гаргаж мөрдүүлэх шаардлагатайг онцолж байлаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж