Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Японы хойд нутгийн Сайтама мужийн Сока хотод 24 мянган ширхэг будааны жигнэмэг ашиглан “Мона Лиза”-гийн аварга том хөргийг бүтээсэн байна.
Энэ нь будааны жигнэмгээр бүтээсэн хамгийн том шигтгэмэл зураг болж Геннисийн дээд амжилтыг тогтоожээ. Бямба гаригт гимнастикийн танхимд эхэлсэн уг уран бүтээлийг бүтээх ажилд Сока хотын 200 гаруй оршин суугч оролцсон бөгөөд тэд ногоон цай, сой соус, элсэн чихэр зэргээр амталсан долоон өнгийн “сэнбэй” гэж нэрлэдэг будааны жигнэмэг ашиглаж сэргэн мандалтын үеийн агуу уран бүтээлийн гэрэл сүүдрийн ялгарлыг дүрсэлсэн байна. Нийт 13 метр урттай, есөн метрийн өргөнтэй зургийн сүүлийн жигнэмэгүүдийг хотын дарга болон бусад төлөөлөгчид байрлуулсан ба Геннисийн дээд амжилтын шагналыг гардуулах ёслол мөн ням гаригт болсон байна. “Үнэхээр хөгжилтэй байлаа” гэж гэр бүлийнхэнтэйгээ хамт “Мона Лиза”-г бүтээхэд оролцсон 7 настай Мэй Хамано хэлжээ. Харин шагнал гардуулах ёслол дуусмагц гайхалтай бүтээлийг хурааж “сэнбэй” жигнэмэгүүдийг бэлэг болгон хүмүүст тараасан ажээ.
ЭХ СУРВАЛЖ: JAPANTIMES.COM
Н.АМГАЛАНТУУЛ
Холбоотой мэдээ