УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн онцлох 30 эшлэл

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн онцлох 30 эшлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГНЭЭС ОНЦЛОХ 30 ЭШЛЭЛ       

1. Эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана.

2. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна. Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд сануулъя.

3. Хоосон улстөржилт, талцал хуваагдал, нийгэм, ард түмнээ хуваасан дайсагнал бидэнд огт хэрэггүй. Харин зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар,улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийнхэн, ард иргэд хамтраад тулгамдсан асуудлаар үндэсний зөвшилцөл хийдэг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг тогтолцоонд шилжихийг уриалж байна.

4. Улс төрийн яриа хөөрөө нь популизмын хэвлийд голдуу бүрэлдэж, тархи угаах тааруу инкубаторт торниж байдаг нь л гай тарьж байгаа. Улс төрийн популизм манайд хэт газар авч, сүүлдээ байх л ёстой зүйл шиг ойлгодог, хүлээж авдаг болжээ. Эрдэмтэн судлаачид өндөр хөгжилтэй улс орны улс төрийн бодлогод популизм биш, прагматизм голлох үүрэгтэй байгааг сануулсаар байна.

5. ХМХ, ялангуяа нийгмийн сүлжээгээр бусдыг гутаах арга технологи бидний амьдралд ердийн үзэгдэл болтлоо хэвшлээ. Үүнийг зохион байгуулж, санхүүжүүлэгч улстөрчид үндэстнээ хорлох, улсаа гутаах энэ арга барилаасаа нэн даруй салах хэрэгтэй.

6. Их Британид байрладаг Эдийн засгийн мэдээллийн байгууллагаас НҮБ-ын гишүүн 165 оронд хийсэн Ардчиллын индексийн судалгаагаар сул буюу муухан ардчилалтай улсын ангилалд манай улс багтжээ.

7. Төрийн байгууллагын дотоод хяналт суларч, удирдлага, зохион байгуулалт алдагдсаны уршгаар төрийн албан хаагч нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулийг ягштал баримталж, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийг хатуу шаардаж, зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцож ажиллах ёстой.

8. Өр, зээлийн хүүнд дарлуулж, эдийн засгийн уналт зогсолтгүй үргэлжилсэн,улс орон хямралын ирмэгт ирсэн хүнд хэцүү үеийг бид даван туулж чадлаа.

9. Эдийн засгийн бодит өсөлт 2018 оны эхний хагасын байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна.

10. Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батлана. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай.

11. 2018 оны 1-р сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 9-р сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах.

12. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан, энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ.

13. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай. Гадаад зах зээлийн өөрчлөлтөд нэрвүүлчихгүй дархлаатай, өөрийгөө тэтгэх чадвартай, экспортод чиглэсэн эдийн засгийн бүтэц рүү шилжихгүй бол Өсөлт ба Уналт, Орлого ба Хэрэглээ, Тогтворгүй байдал ба Ядуурал гэсэн гинжин хэлхээнээс салахгүй.

14. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн экспортын зах зээлд худалдааны таатай нөхцөлөөр нэвтрэх, хамтарсан бизнес эрхлэх боломжуудыг шинээр нээхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй болжээ.

15. Азийн хөгжлийн банкны гишүүн 48 орон тус бүр дунджаар 11 чөлөөт худалдааны хэлцэл байгуулсан байхад бид ганц хэлэлцээрийг 3 жилийн өмнө л байгуулсан байх жишээтэй.

16. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ онцгой ач холбогдол өгч байна.

17. Эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх уул уурхай, эрчим хүч, төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг цэц булаалдсан яриа маргаанаас бодит ажил хэрэг рүү хандуулъя.

18. УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тогтоол баталсан. Хэрэгжилтийг 2018 онд багтаан УИХ-д танилцуулахыг үүрэг болгосныг сануулъя.

19. УИХ өнгөрсөн чуулганаараа “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль баталсан. Төсөв мөнгө байхгүй гэх мэт шалтгаан тоочилгүйгээр хуулиа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

20. УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төсөлд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болон өргөжүүлэхээр тусгасан.

21. ДОХ-ыг тоохоо болилоо. Бэлгийн замын халдварт өвчин газар авч байгааг халагласаар л сууна. Зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж, залуужиж байна. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг сэргээж, жилд нэг удаа бүх хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болмоор байна.

22. Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах шаталсан тогтолцоотой.

23. Та бид чамгүй олон хууль, тогтоол батлан гаргасан. Ажлын тоон үзүүлэлтээр өмнөх парламентуудаас хамаагүй илүү байгаа. Харин хууль хэрэгжүүлэх ажил сайнгүй байна. Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах ажилдаа дүн шинжилгээ хийхийг Засгийн газарт даалгая.

24. Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсч, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар л байна.

25. Хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын чиглэлээр Цахим бодлогын түр хороо тодорхой ажлууд санаачилж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, Зөвлөмж гаргаснаа надад ирүүлсэн. Зөвлөмжид мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин, хүүхдийн хүмүүжил, залуучуудын мэдээлэл солилцох гээд зайлшгүй анхаарвал зохих цөөнгүй асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч, хамтарч ажилламаар байна.

26. Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар ээжүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй. 

27. Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд ямар дорвитой өөрчлөлт гарах вэ гэж асуумаар байна. Зарцуулсан хөрөнгө үр ашигтай байж чадсан уу. УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд тодорхой ажлууд зохион байгуулсан. Одоо үр дүн хэрэгтэй байна. Нэг өвөл гэнэтхэн утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ авсан арга хэмжээ гарцаагүй зөв, ужиг энэ асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах нь ээ гэсэн итгэл төрүүлж байх нь чухал.

28. Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл юм.Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье.

29. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.

30. Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж