Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.
Энэхүү конвенцийг соёрхон баталснаар манай улс арбитрын мэдлэгтэй дөрвөн хуульчийг олон улсын шүүгч болгох боломжтой болох аж. Тэдгээр хүмүүс нь арбитрын шүүхээр орж байгаа олон улсын бүх хэргийг шүүх эрхтэй болно гэдгийг ажлын хэсгийнхэн тодотгов. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “энэ конвенцийг баталснаар бидэнд алдах юм байхгүй. Манай улсын эрх ашгийг хэзээ нэгэн цагт хамгаалах зэвсэг нэгээр нэмэгдэж байна гэж ойлгож болно” гэв. Ингээд дээрх асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжив.
Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Одоогоор БНХАУ-ын Макао хотод найман хүн ял эдэлж байна. Энэ хүмүүсийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах үүднээс дээрх хэлэлцээрийг батлах саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оруулж ирсэн юм. Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд, гишүүдийн 75 хувь нь дэмжив. Хуулийн төсөлтэй холбоотойгоор,
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-БНХАУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын хэдэн иргэн байна вэ?
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН:
-БНХАУ-д ял эдэлж байгаа долоон Монгол иргэнийг өнгөрсөн хугацаанд шилжүүлж авсан. Одоогийн байдлаар нийт 111 хүн ял эдэлж байна. Үүнээс Бээжин хотод 23, Хөх хотод 43, Хонконгод 35, Макаод 12 байдаг. БНХАУ-д гэмт хэрэгт холбогдоод хэрэг нь эцэслээгүй Монгол Улсын 190 иргэн бий. Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл дээрх 190 иргэнээс 80 нь хулгайн хэрэг, 34 хууль бусаар оршин суусан, зургаа нь хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ес нь малын түүхий эд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан, 13 нь хар тамхи хэрэглэсэн, нэг нь хар тамхи хэрэглэх орон байраар хангасан, найм нь хилээр хориотой бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан хэрэг, найм нь танхайн хэргээр, гурав нь бусдын амь насыг хохироосон, 17 нь биеэ үнэлсэн, найм нь хар тамхи зөөвөрлөсөн, хоёр нь хүчингийн хэрэг, хоёр нь биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг гэмт хэрэгт холбогдон шалгуулж байна.
Холбоотой мэдээ