Түгжрэлтэй тэмцэх арга татвар л боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Түгжрэлтэй тэмцэх арга татвар л боллоо

Түгжрэлтэй тэмцэх арга татвар л боллоо

Автомашины түгжрэлийг сааруулъя гэвэл татварын зохицуулалт хийх л арга үлджээ. Улсын хэмжээнд өнөөдөр 900 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга орчим нь хөдөлгөөнд оролцож байна. Маркаар нь ангилбал ердөө  800 гаруй нь нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг автобус. Энэ бол нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн машинаараа ажлаа амжуулж байна гэсэн үг. Нөгөө талдаа Монголд автомашин эзэмшигчдэд ногдуулдаг татварын хэмжээ бага байгаа нь толгойтой болгон нь автомашин унаж, ачааллыг нэмэгдүүлэн, түгжрэл бий болгож байна.

Гааль болон Тээврийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр жил тутамд хилээр дунджаар 60 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортлогддог. Үүгээр бол Монгол Улс хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлтэй болно гэсэн үг. Гэтэл энэ хэмжээний автомашиныг даах авто зам баригдах боломж ойрын хугацаанд байхгүй. Иймээс Засгийн газар санаачлахгүй бол УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд автомашин эзэмшигчдэд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх, насжилт өндөртэй автомашинд өндөр татвар ногдуулах, мөн бүсчлэлээс нь хамааруулж татвар ногдуулдаг болох зэрэг зохицуулалттай төслийг санаачлах цаг нь иржээ. Хэдий болтол иргэдийн амьжиргаа муу байна гэж үзэн, хойшлуулах вэ.

Татвараа төлж чаддаг нь автомашинаа унаг, чадахгүй нь нийтийн тээврээрээ зорчиг.  Үнэндээ бол Монголд л өнөөдөр автомашин унасан хүн хаан шиг харагддаг гэдэг буруу ойлголт байгаа болохоос биш хөгжсөн орнуудад дунджаас дээгүүр орлоготой нь ч нийтийн тээврээрээ үйлчлүүлдэг. Тэр тусмаа орох оронгүй хэрнээ цалингийн зээл авч автомашин авч унаж, баярхдаг Монгол шиг хүмүүс дэлхийд байхгүй.

Хэрэв автомашин эзэмшигч бүрт ногдуулдаг татварын хэмжээг нэмэгдүүлж, бүсчлэлээр нь татвар ногдуулж, 10-аас дээш жилийн насжилттай автомашинд өндөр татвар ногдуулаад эхэлбэл 900 мянгад хүрээд байгаа тээврийн хэрэгслийн тоо буурна. Тэр хэрээр түгжрэлийг бууруулна.

Зарим нэг жишээ татвал, Английн Лондон хот ажлын өдрүүдэд 0 7.00 -18.00 цагийн хооронд хотын төвийн бүсээр зорчвол жолооч нар 11,50 фунт-стерлинг төлдөг аж. Харин Индонезийн Жакарта хотод нэгээс илүү автомашин эзэмшдэг иргэдэд нэмэлт татвар ногдуулах аргыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нэг иргэн хоёроос дээш автомашин эзэмшдэг бол автомашин эзэмшсэний татвар дээр нэмж 1,5 хувийн төлбөр боддог зэрэг бэлээхэн аргууд байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахын тулд Английн Лондон хотод хэрэгжүүлж байгаа бүсчлэлээр нь татвар ногдуулах аргыг хэрэглэж яагаад болохгүй гэж…

Улаанбаатар хотын хэмжээнд түгжрэл үүсдэг гол зам нь хотын төв хэсэг бол оргил цаг нь 07.00-09.00, 17.00-20.00 цагийн хооронд байдаг. Дээрх аргыг хэрэглэсэн тохиолдолд татварын бодлогыг дагаад түгжрэл саарч, хотын төсөвт орж ирэх татварын орлого ч нэмэгдэнэ. Эдийн засгийн арга хэрэглэхгүйгээр энэ их түгжрэлийг зогсоож чадахгүйг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн олон арга харууллаа. Харин орж ирсэн орлогыг эргээд авто замаа засах, өргөжүүлэхэд зарцуулдаг болох.

Нөгөөтэйгүүр, хот нийтийн тээврээ хөгжүүлэхэд анхаарах. Тээврийн цагдаагийн газартайгаа хамтраад авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгслүүд зорчино гэдэг журмаа хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлэх цаг нь болжээ. Улаанбаатар хотын төв хэсэг т л дээрх журам хэрэгжиж байгаа болохоос биш камергүй газарт нэгдүгээр эгнээгээр галын машин, түргэний машин, нийтийн тээвэр зорчих эрх зөрчигдсөөр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж