Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.02) хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар намрын ургац хураалтын урьдчилсан баланс болон тулгамдсан асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсох санал оруулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсантай холбогдуулан уг хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил, гурван хийдэл гарсныг онцоллоо.
Хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллах зайлшгүй шалтгааны талаар тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс шинээр батлагдсан хуулиар малын эмийн асуудал хариуцсан зөвлөлийг МЭЕГ-ын харьяанд байгуулахаар болсон. Ингэснээр зөвлөлд мэргэжлийн хүмүүс ажиллахаар болсон гэсэн үг. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байсан гэв.
Засгийн газрын гишүүн Б.Батзориг хариултдаа, өмнө нь малын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх асуудал эзэнгүй орхигддог байсан. Харин одоо малчны хотноос үйлдвэрлэл хүртлэх малын бүх хяналтыг Мал эмнэлгийн ерөнхий газарт хариуцуулахаар болсон гэдгийг онцолж байв.
Гишүүдийн зүгээс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахдаа олон талын оролцоог хангах, ялангуяа салбарын дотоод болон хөндлөнгийн хяналтын зааг ялгааг нарийн гаргах шаардлагатай байгаа талаар саналаа хэлж байсан.
Ингээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Б.Батзориг: Улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьсан
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан баланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд, 2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас хойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг дурдав.
Түүнчлэн тэрбээр, Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70 хувь хангах зорилт тавьсан. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал , 86.3 мянган тонн малын тэжээл тариалсан. 10 дугаар сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 22.1, төмс, хүнсний ногоо 81.1 хувьтай байна гэж байлаа.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг шийдсэн эсэх, тариалангийн салбарын техникийн шинэчлэлд явуулсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариултдаа, Польш улсын засгийн газраас авахаар болсон 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам. долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулахаар болсон. Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гурван зоорь барьж, монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш хүнсний ногоо, гурилаар хангахыг зорьж байна. Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх эсэх асуудал хязгаарлагдмал байдаг. Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр, энэ жил гэхэд ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тариалангийн салбарт техник,технологийн шинэчлэл хийсэн. Цаашид техник технологийн шинэчлэл хийхийн зэрэгцээ тэдгээр техникийг засах засварын төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Ер нь хүнс, хөдөө ахуйн салбар төрийн дэмжлэггүй бол хөгждөггүй салбар гэдгийг онцолмоор байна гэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.