Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах зорилготой | News.MN

Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах зорилготой

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах зорилготой

Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Bloomberg телевиз хамтран “Алтны форум” уулзалтыг Блү Скай зочид буудалд зохион байгуулж байна. Алтны форум уулзалт, хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Сангийн яам, БОАЖЯ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч компаниуд болон судлаач, шинжээчид зэрэг алтны салбарт хамаарал бүхий оролцогч талуудын төлөөлөл болсон 200 гаруй зочин оролцож байна.

 ЖИЛ БҮР 500-800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЖЭЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум ам.долларын салбар болгож, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа. Зэсийн салбарт Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэн, төлөвлөсөн хугацаандаа далд уурхайг ашиглалтанд оруулахад шаардлагатай тогтвортой байдлыг бий болгож өгөхөд салбар хариуцсан сайдын хувьд ихээхэн анхаарч байна. Нүүрсний салбарт экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч байгаагийн зэрэгцээ Тавантолгойн нүүрсний ордын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн том ажлыг эхлүүлээд явж байгааг та бүхэн анзаарч байгаа. Алт олборлолт 2014 оноос эхлэн сэргэж, тогтвортой өсөн, жил бүр 500-800 сая ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлж ирлээ. Алт олборлолтын салбараас орчин үеийн техник технологи эзэмшсэн үндэсний уул уурхайн компаниуд, үндэсний мэргэжилтнүүд төрөн гарсан. Алт олборлолтын хуримтлал, менежментийн туршлагадаа тулгуурлан уул уурхайн бус салбарууд уруу шилжсэн үндэсний компаниуд төрөн гарсан. Эдгээр нь алтны салбарын гэрэлтэй, гэгээтэй тал нь юм” гэж онцолсон юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрхзүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол улсын эдийн засгийн хөгжилд чухал юм” гэдгийг хэлж байв.

МОНГОЛБАНК 2018 ОНД 22 ТОНН АЛТ АВСАН ТОХИОЛДОЛД ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ 760 САЯ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДҮҮЛЭХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлэхдээ “Алтны салбар мэдээж байгаль орчны асуудлуудаас хамаарч орон нутгийн иргэдийн дунд хүндрэл, бэрхшээл байдаг. Тиймээс ямар бэрхшээлүүд гарч байна, тэдгээрийг хэрхэн шийдэх талаас нь холбогдох бүх байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг өрнүүлж байна. Алт нь манай улсын хувьд онцгой чухал ач холбогдолтой түүхий эд. Монголбанк өнгөрсөн онд 20 тонн алт худалдан авч, 700 сая ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлсэн. Энэ онд 22 тонн алт авсан тохиолдолд гадаад валютын нөөцийг 760 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа. 2018 оны эхний есөн сарын байдлаар 14,3 тонн алт худалдан аваад байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны аравдугаар сарыг дуустал “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аяныг өрнүүлж байгаа. 8-10 сарууд алтны ид тушаалтын улирал байдаг. Тиймээс энэ сард алтны тушаалт өндөр байж, 22 тонндоо хүрчих байх гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд валютын ханшийн өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад алт чухал үүрэгтэй байсныг салбарынхан онцолж байна. Монгол Улс 2012 оноос Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглэсэн. Ингэснээр сүүлийн таван жилд төв банкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, Монгол Улс гадаад валютын албан нөөцөө өсгөх боломжтой болсон. Тэгвэл 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ хуулийн үйлчлэх хугацаа таван жил буюу 2018 оноор эцэслэх гэж байгаа гэдгийг өнөөдрийн уулзалтаар салбарынхан онцолж байна.

Алтны форумын үдээс хойш Алтын салбар, асуудал ба шийдэл сэдвээр үргэлжилж, өндөрлөнө.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-02 203.217.139.226

Тэглээ гээд Монгол банк долларын ханшаа өсгөөд байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж