Аравдугаар сарын өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын өрнийн зурхай

Аравдугаар сарын өрнийн зурхай

ХОНЬ

Сарын эхний өдрүүд үйл явдал өрнүүн байх бөгөөд сэтгэл хөдлөл өндөр байх болно. Энэ үед та тэрслүү нэгэн болж хувирах магадлалтай. Өдөр тутмын амьдралын хэв маяг, аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөхийг хичээх бололтой. Энэ нь таны амьдралд алдаа, оноо аль алиныг нь авчрах болно. Та энэ өөрчлөлтөөс юуг хүсч хүлээж буйгаа сайтар тунгааж, зайлшгүй эрсдэлийг тооцож үзэхийг одод зөвлөж байна. Ажил, бизнесийн талбарт эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө ажиллахыг хүсч, тэр чигт шийдвэр гаргах бололтой. Энэ нь таны санхүүгийн нөхцөл байдалд шууд нөлөө үзүүлэх болно. Таны хувьд мөнгийг зөв зохистой зарцуулах тал дээр багагүй асуудал үүснэ. Тооцоогүй байдал, гэнэтийн зардал зэрэг нь таны санхүүгийн байдлыг хүндрүүлж мэдэх нь. Сарын дунд үеэс ажилд дарагдаж, уур бухимдлын түвшин ихсэх хандлагатай тул эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах магадлалтай тул дэглэм баримтлах хэрэгтэй. Мөн хорт зуршлаас аль болох татгалзаж, асаргаа сувилгаа хийлгэвэл сайн. Хосуудын харилцаанд үл ойлголцол, хардалт сэв суулгах бололтой. Ганц бие хүмүүс олон шинэ хүнтэй харилцаа тогтоох боловч хэдхэн болзооноос хэтрэхгүй нь. Энэ сарын турш олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлага тулгарах ба энэ нь таны танилын хүрээг тэлж, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлэх хүмүүстэй холбоо тогтооно.

ҮХЭР

Аравдугаар сарын туршид үхрийн ордныхон өөрсөд дээрээ илүү анхаарал хандуулж, хувиа хичээх хандлага гаргана. Та бусад хүмүүс юу гэж бодох, ямар санагдахад нь хамаагүй мэт аашлах бололтой. Ажил хэрэг, бизнес эрхлэгчдэд ашиг орлогоор дүүрэн сар байх боловч том эрсдэлээс зайлсхийх хэрэгтэй. Бусдын ятгалгад орж, хохиролтой бизнесийн төсөлд хөрөнгө оруулах, хамтрах хэрэггүй. Нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, цэгнэсний үр дүнд шийдвэр гаргах нь дээр. Санхүүгийн байдал илтэд сайжрах бөгөөд энэ нь таны хичээл зүтгэлийн үр дүн юм. Өөрийгөө үнэлэх үнэлэмж сэргэж, аливаа асуудлыг хүндээр тусгаж авахаа болино. Ямар ч түвэгтэй асуудал байсан та ханцуй шамлаад орсон л бол шийдвэрлэж чадна. Гэр бүлийн харилцаанд баярт үйл явдал тохиох бололтой. Энэ нь уур амьсгалыг сайжруулж, харилцааг дотносуулна. Үр хүүхэдтэй хүмүүс тэдэндээ тавих анхаарлаа сулруулах хэрэггүй. Ганц бие, хайраа хайж байгаа хүмүүст багагүй боломж тохиох боловч тэр болгоныг та хэрхэн барьж авч, ухаалаг ашиглахаас ирээдүй тань ихээхэн хамаарна. Өнгөрсөнтэйгөө зууралдаж, нөхцөл байдлыг одоотой харьцуулах хэрэггүй. Явах ёстой хүн явж байж ирэх ёстой хүн ирдэг гэдгийг санаарай. Ханиад шуухинаа тусах, хууч өвчин сэдрэх бололтой. Тухай бүрд яаралтай арга хэмжээ авч, мэргэжлийн туслалцаа авахыг зөвлөж байна.

ХАМТАТГАХ

Энэ сард таны амьдралд янз бүрийн ээдрээтэй зүйл тохиолдох бололтой. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч янз бүрийн саад бэрхшээлийг давах шаардлагатай болно. Санхүүгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байх тул тогтмол орлоготой хүмүүс санаа зовох хэрэггүй. Аливаа ажил бизнесийн саналаас татгалзах хэрэггүй. Учир нь ийм боломж оны сүүл хүртэл дахин гарч ирэхгүй бололтой. Харилцааны ажил хийдэг хүмүүст өөрийгөө ойлгуулахад хүндрэл үүсч мэдэх юм. Тиймээс илтгэл тавих, чухал уулзалтын өмнө сайтар бэлтгэх хэрэгтэй. Энэ сарын турш өөрийн хүсэл сонирхлынхоо эсрэг хөдлөх хэрэгтэй болоход та багагүй бухимдах бололтой. Ялангуяа хайр дурлалын харилцаанд энэ байдал илүүтэй ажиглагдана. Хосуудын харилцаанд удаан хугацаанд далд хэлбэрээр явж ирсэн үл ойлголцол задарч том “гал асна”. Энэ түймрийн дараа та хоёрын харилцаа тэсч үлдвэл бүх зүйл эргээд хэвийн болно эсвэл цэг тавина.  Ганц бие хүмүүс энэ сард хайр дурлалд биш өөрийгөө хөгжүүлж, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэхэд анхаарвал илүү дээр. Учир нь энэ сард таныг дурлалын тэнгэр ивээхгүй. Бүтэлгүй дурлалтай учирч, бие сэтгэлээрээ хохирч үлдэх магадлалтай. Орлого бага зэрэг нэмэгдэж, таныг хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад тусална. Эрүүл мэндийн байдалд онцын хүнд өвчингүй байх боловч хорт зуршил, зохисгүй хооллолтоос болж өвчин ээрэх бололтой.

МЭЛХИЙ

Энэ сарын турш гэр бүлийн харилцаанд бага зэрэг маргаан гарна. Гэхдээ энэ нь гэр бүлийн гишүүд хоорондоо илүү сайн ойлголцох, харилцаагаа нэг төвшинд ахиулах боломжийг олгох болно. Бас гэр орноо тохижуулах тал дээр анхаарч гэртээ шинэ, шинэлэг зүйлсийг урин дуудаарай. Мөн хайр дурлалын харилцаагаа сэргээж романс үүсгэх, багын найзтайгаа уулзаж хуучны дурсамжаа сэргээнэ. Сарын эхний хагаст мөнгө санхүүтэй холбоотой бэрхшээл үүснэ. Үүнээс үүдэж дарга болон хамтран ажиллагчтайгаа маргалдаж болзошгүй. Хэрэв цалингаа нэмүүлэхийг хүсвэл, өөрийгөө хангалттай сайн ажиллаж байна гэж үзэж байвал дээд албан тушаалтандаа үүнийгээ хэлэх цаг нь болжээ. Гэхдээ хэт найдах хэрэггүй. Сарын дундуур гэнэтийн зардал гарч болзошгүй бөгөөд баруун солгойгүй цацдаг зуршлаа засаж, мөнгөө хадгалж, зардлуудаа хянаж ухаалгаар зарцуулаарай. Энэ сард эрч хүчээр дүүрэн байх хэдий ч ямар нэг сөргөлдөөн, зөрчилд энергиэ алдах магадлалтай. Фитнесээр хичээллэх, агаар салхинд гарах, ууланд алхах, гүйх зэргээр алдагдсан эрч хүчээ нөхөөрэй. Мөн иогт явах, бүжгийн клубт элсэх, бие хамгаалах урлагаар хичээллэж эрүүл амьдралын хэв маягийг бий болгохыг зөвлөж байна. Хэрвээ бие чинь өвдвөл амин дэм ууж, хангалттай сайн амарч аваарай.

АРСЛАН

Энэ сард таны хайр дурлалын харилцаа амжилттай байх болно. Холын зайны харилцаанд ч энэ үед ээлтэй байх бөгөөд бие биедээ хүчтэйгээр татагдаж, ойлгож, романтик байх бололтой. Ганц бие хүмүүс мөрөөдлийн хуримаа хамтдаа төсөөлөх нэгэнтэй учирч, бие биеэ таньж мэдэх үйл явдлыг адал явдал болгох сайхан романс эхлүүлнэ. Харин мөнгө санхүүгийн хувьд зохицуулахад хэцүү асуудлууд гарч ирэх бөгөөд удирдахад улам л хүндрэлтэй болно. Энэ сард хариуцлага, амьдралын асуудлууд дээр хэрхэн томоожиж, хүмүүжсэнийг шалгах сорилтууд болж өнгөрнө. Өсөж дэвших амбиц, хүсэл эрмэлзэл хангалттай бий ч шаардлагагүй эрсдэл гаргаж, нөхцөл байдлыг хүндрүүлэх хэрэггүй хэмээн од эрхэс зөвлөж байна. Харин бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа ашиглаж, өөрийгөө харуулах цаг нь мөн. Хэрвээ ажиллах орчин нөхцөл чамд муугаар нөлөөлж байвал, цалин хөлсөө нэмүүлэхийг хүсвэл энэ сард шийдвэртэй алхам хийж, дээд албан тушаалтнуудтай уулзвал сайн. Урт хугацааны, хувийн санхүүгийн стратеги боловсруулж, орлого, зарлагадаа өндөр хяналттай байж сурах хэрэгтэй. Хэрвээ чи хийж байгаа ажилдаа дургүй, сэтгэл хангалуун бус байдаг бол яг одоо л өөрчлөх цаг нь мөн юм. Шинэ бизнест хөрөнгө оруулах гэх мэтээр ирээдүйд ашиг өгөх зүйл байвал сайн. Сарын сүүлийн арав хоногоос мөнгө санхүүтэй холбоотой нөхцөл байдал дээрдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа сайн байлгахгүй бол хууч өвчин сэдэрч магадгүй. Хэрвээ хууч өвчтэй бол зовуурьгүй байсан ч мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгчихөд илүүдэхгүй. Өөрийн амьдралын хэв маягийн эрүүл тэнцвэрийг олж, хооллолт хөдөлгөөндөө нэмж оруулаарай.

ОХИН

Энэ сарын эхний хоногуудад гэр бүлийнхэн, хайртай дотнын хүмүүстээ цаг хугацаа, халамж, хайраа зориулахаас илүүтэй анхаарах бололтой. Гэр бүл болон хайр дурлалын харилцаагаа сэргээн, сайхан байлгахын тулд хоорондоо ярилцаж, өөрийн зүгээс хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөнгө санхүү болон ажлын хувьд энэ сар маш сонирхолтой зүйлсээр дүүрэн байх нь. Энэ сард санхүүгийн асуудалтай тулгарахгүй бөгөөд ажилдаа амжилт гаргаж, шагнал урамшуулал авах, өөрийн чадварыг бусдад хүлээн зөвшөөрүүлж чадна. Тэр ч байтугай ирээдүйн замаа гэрэлтүүлэх олон олон боломж тохионо. Сарын сүүлээр бусдад найдалгүйгээр өөрөө бүхнийг хийж, эрч хүчтэйгээр ажиллах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмжтэй байх тул том хөдлөх хэрэгтэй. Эрсдэл өндөртэй том ажил танд том ашгийг авчрах болно. Харин мөрийтэй тоглоомд тоглох, бусдыг залилж мэхлэхийг оролдох хэрэггүй гэж зөвлөж байна. Гадаадад албан томилолтоор явах, олон улстай харилцаа тогтооход амжилттай. Мэдээлэлтэй харилцдаг хүмүүст илүү олон боломж гарч ирэх болно. Энэ сард эрүүл мэнддээ маш болгоомжтой хандаж гэр бүл, ажилдаа зовних сэтгэлийн зовлонгоо багасгах хэрэгтэй. Аль болох тайван байх нь чухал юм.

ЖИНЛҮҮР

Энэ аравдугаар сарыг цөөн үгээр дүгнэвэл мөнгө болон хамтын ажиллагаа байх болно. Энэ сард ямар нэг бизнес эхлүүлж, хөрөнгө орлуулалт хийж албан тушаал ахих магадлалтай. Хайр дурлалыг ивээх гаригууд идэвхтэй хөдөлгөөнд оршиж буй учир тэдэнд энэ сард азтай байна. Мөнгө, санхүүтэй холбоотой олон зүйл энэ сард өрнөнө. Зугаа цэнгэл, үрэлгэн зандаа анхаарахгүй бол түр хугацааны санхүүгийн асуудалд орж мэднэ. Мөн орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарвал зохилтой. Ажлын талбарт хатуу дэг журам, шаардлага өндөр байх бололтой. Танд өндөр шаардлага тавьж тэр хэмжээгээрээ цалин хөлс амлана. Бизнес эрхлэгчид болон хувиараа ажил эрхлэгчдэд ашигтай төсөл хөтөлбөрийн санал орж ирнэ. Гэхдээ өрсөлдөөн их байх тул чадвараа шавхах хэрэгтэй болно. Нэр хүндээ унагааж мэдэх үйлдлээс болгоомжилж, үг хэлэндээ хянамгай байгаарай. Сарын дунд хүртэл сэтгэл санаа тогтворгүй байх тул өөрийгөө сонсож, удирдаж сурахад анхаарвал тустай. Энэ сард нойргүй хонох шөнүүдээ багасгаж, ядарч сульдахгүй байх тал дээр анхаарч, эрүүл амьдралын хэв маягтай болоорой.

ХИЛЭНЦЭТ

Гэрлэлтээ батжуулж, эсвэл харилцаагаа албан ёсны болгоход таатай байх нь. Энэ сард хайр дурлал анхаарлын төвд байх бөгөөд ололтоор дүүрэн байна. Гэр бүлийн харилцаанд итгэлцэл батжиж, хайр халамж эргэн сэргэнэ. Харин мөнгөтэй холбоотой асуудлууд тогтворгүй болж, гэр бүл болон гэртээ ямар нэг төлөвлөгдөөгүй зардлууд гаргаж магадгүй. Хэрэв та ямар нэг байгууллагын санхүүг барьж байгаа, хэн нэгний мөнгийг хариуцаж эсвэл банкинд ажиллаж байгаа хянамгай байж алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Гадаадад мэргэжил дээшлүүлэхээр сурах эсвэл албан томилолтоор гадагшаа явж магадгүй.  Энэ сард дотоод харилцаанаас илүү гаднын хүмүүстэй харилцах харилцааг илүү дэмжинэ. Ажил хэргээ бүтээхийн тулд олон хүнтэй харилцаж, тэднээс тусламж авах бололтой. Биеийн эрүүл мэнд сарын сүүлээр доройтож мэднэ Сарын сүүлд зүрх болон цусны эргэлттэй холбоотой өвчин сэдэрч магадгүй. Ямар нэг зүйл өвчний шинж тэмдэг илэрмэгц эмчид хандахыг од эрхэс сануулж байна.

НУМ

Энэ сарын туршид Нумын ордынхны хувьд хамгийн ихээр анхаарал хандуулах талбар нь хайр дурлалын харилцаа, гэр бүлийн амьдрал байх нь. Хайрттайгаа хамт байхын төлөө зарим нэгэн золиосыг гаргаж, тэднийг зарим нэгэн алдаа эндэгдлийг уучлан өршөөх сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Гэхдээ чи хэн нэгэнтэй дөнгөж харилцаа эхлүүлж байгаа бол тэнцвэргүй харилцаа үүсгэхээс сэргийлээрэй. Сарын эхээр өдөр тутмын ажлын явц удааширч эхлэх тул энэ боломжийг өөртөө эергээр ашиглаарай. Ажлын нөхцөлөө сайжруулахын тулд, илүү дээр албан тушаалд томилогдохын төлөө шинэ зүйлс сурч, чадваруудаа илүү хөгжүүлэхийг хичээ. Ажил дээрээ өөрийн хувийн хандлага, сэтгэл хөдлөлөө ил гаргах нь сөрөг үр дагаврыг авчирч магадгүй тул аль болох сэтгэл хөдлөлөө дарахыг эрмэлзээрэй. Сарын хагасаас эхлэн ажил дээрх дүрэм, журмыг хатуу баримтлахыг хичээн, хамтран ажиллагсадтай аль болох эелдэг харилцаатай байхыг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжирч таныг баярлуулна. Зарлагаа хянаж чадвал санхүүгийн байдал хэвийн байна. Сэтгэл санаа тавгүйрхсэнээс биед зовуурь үүсч болно.

МАТАР

Хуучин хайр дурлалын харилцаа эргэж сэргэх магадлалтай ч энэ харилцаа өмнөхөөсөө ч хүнд хэцүү байж магадгүй юм. Хэрвээ чи аль хэдийнээ хэн нэгэнтэй шинэ харилцаатай эхэлчихсэн бол энэ сард хайртаасаа илүүтэй өөртөө цаг зав зарцуулахыг хичээгээрэй. Өөрийнхөө хобби, сонирхдог зүйлс, хичээллэдэг спортдоо илүү их цаг зарцуулж, хайртыгаа ч гэсэн эдгээр зүйлсэд татан оруулахыг хичээх хэрэгтэй. Сугар гараг энэ сард Матрынхны мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх нөлөө үзүүлнэ. Онлайн зайны сургалтад хамрагдах, хамтран ажиллагч түншээ шинээр сонгох, тушаал дэвших зэрэг асуудлуудад түлхүү анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Сарын сүүлээр карьер болон нийгмийн байр сууринд өөрчлөлт оруулах олон сонирхолтой, гэнэтийн явдлууд тохиох болно. Цоо шинэ хүрээлэлтэй холбоо харилцаа тогтоох, шинэхэн хамтрагчтай гэрээ байгуулах, төлөвлөөгүй аялалд гарах гэх мэтийн олон гэнэтийн зүйлс чамд энэ сард тохиох нь. Эрч хүч, урам зоригоор энэ сард дүүрэн байх болно. Төлөвлөөгүй аялалд гарах, урьдчилан тооцоолоогүй зардлууд гарч ирэх зэргээр санхүүгийн хувьд ч гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Эрч хүч, өөдрөг үзлээр дүүрэн байх тул энэ сард чамд тулгарсан жижиг сажиг асуудлыг маш сайн зохицуулснаар сэтгэл санааны дарамтад орохгүй. Энэ сард төлөвлөсөн аяллаас үүдэн чамд бие мах бодийн хувьд асуудал үүсэх магадлалтайг од эрхэс сануулж буй тул аяллын явцад болгоомжтой байхад илүүдэхгүй.

ХУМХ

Энэ сард Хумхынхан хүсэл тачаалаар дүүрэн байх нь. Хайрын амьдрал чинь яг л чиний төсөөлдөгчлөн гэнэтийн явдал, шавхагдашгүй эрч хүчээр халгиж цалгих болно. Гэхдээ хамтрагчаасаа өөр хүнтэй янаг амрагийн харилцаа үүсгэж, гэр бүлийн амьдрал, хосын харилцаагаа эрсдэлд оруулах магадлалтай тул ийм алхам хийхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй. Харин ганц хүмүүсийн хувьд хайр дурлалын идэвхтэй байдал нь хэн нэгэн онцгой хүнийг хайж олох, түүнээс туршлага судлан, янаг амрагийн амьдралдаа илүү сэтгэл ханамжтай нэгэн болоход нь туслах болно. Сугар, Бархасбадь гараг болон Нар гурав энэ сард чиний санхүү болон карьерт нөлөөлөх тул ямар нэгэн гайхалтай, санаандгүй зүйл заавал тохиох болно. Ажил мэргэжлийн хувьд чамд боломж авчрах ямар нэгэн гайхалтай зүйл тохиох хэдий ч бодит биеллээ олох хүртлээ нэлээдгүй удаан хугацааг шаардах болно гэдгийг санахад илүүдэхгүй. Тэвчээртэй бөгөөд шаргуу чанар чинь шинэхэн бизнес эхлүүлэх, олон нийтийн оролцоотой байгууллагад шинээр элсэхэд нэмэр болно. Ажил хэрэг, хайр дурлалын ярвигтай үйл явдлуудын хажуугаар эрүүл мэнддээ тоомжиргүй хандаж болохгүй. Жирийн нэг ханиадыг тоохгүй явсаар олон хоног орондоо хэвтэх шаардлагатай болж магадгүй тул биеэ сайн тордож, халамжлаарай. Энэ сард уулыг өргөчихмөөр хүртэл санагдах эрч хүчээр дүүрэн байх хэдий ч зарим үед өөртөө зайлшгүй амралт олгож, өөрийнхөө тухай бясалган бодох цагийг гаргах хэрэгтэй.

ЗАГАС

Энэ сард санхүүгийн байдал хүндрэлтэй байх тул зээл авах, зарим нэг эд зүйлсээ зарах зэргээр мөнгөний зарим асуудлаа шийдэх болно. Орон сууцны зээлээ цуцлах, амьдарч буй байраа багасгаж санхүүгийн дарамтаа багасгахаар шийдсэн бол дараагийн амьдрах газраа олохдоо ухаалаг, бодитой хандахыг зөвлөж байна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд өмнө нь холбоо харилцаатай байсан хамтрагч түншүүд, найз нөхөдтэйгөө харилцаагаа сэргээхийг хичээх нь эерэг үр дүн үзүүлж магадгүй юм. Хэрэв одоогоор ажилгүй, өр төлбөр чинь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бол өөрт тааралдсан ямар ч ажлыг голохгүйгээр хэсэг хугацаанд хийж санхүүгийн асуудлуудаа хэт томрохоос нь өмнө шийдвэрлэхийг эрмэлзээрэй. Ажлын ачаалал, стресс бухимдал чинь нэмэгдэх үед аль болох байгальд их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хэн нэгэнтэй тогтвортой харилцаа үүсгэж хараахан амжаагүй байгаа бол чи буруу нэгэнтэй учир ургуулах магадлалтай тул болгоомжтой байгаарай хэмээн зөвлөж байна. Хамтрагчтайгаа харилцаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд бяцхан аялалд гарах, хамгийн анх болзож байсан газар эсвэл та хоёрт хамгийн их нандин дурсамж үлдээсэн газар эргэн очих зэрэг романтик зүйлсийг хамтдаа хийгээрэй.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж