Улирлын өмнө: Лос-Анжелес Кингс

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Лос-Анжелес Кингс

Улирлын өмнө: Лос-Анжелес Кингс

Нэгдсэн Улсын баруун эргийн алдарт Холливудын хотын Лос-Анжелес Кингс баг хэдхэн жилийн өмнө дийлдэшгүй мэт хүчирхэг байсан. Д.Саттер дасгалжуулагчтай Д.Браун, Ж.Уилльямс болон А.Копитар нарын залуусаас бүрдсэн Лос-Анжелес Кингс баг 2012, 2014 онуудад стэнлийн цомыг хоёронтоо хүртэж багийнхаа түүхэнд шинэ хуудас нээж байсан. Харин Д.Саттерын эрин үе тийм ч амжилттай үргэлжилж чадаагүй бөгөөд түүний удирдлага дор баг нь хоёр ч удаа плэй-оффын гадна үлдсэн нь багийн удирдлагуудыг шинэ дасгалжуулагчийн эрэлд гарах шалтгаан болсон. Ингээд өмнө нь дөрвөн улирал Филадельфиа Флайерс багийг удирдаж байсан Ж.Стивенс хэмээх Канад эрхмийг дасгалжуулагчаараа томилсон. Хэдийгээр эхний улиралдаа плэй-оффт шалгарч чадаагүй ч өнгөрсөн улирал багаа плэй-оффт эргүүлэн авчирч чадсан. Дасгалжуулагч Ж.Стивенсийн удирдлага дор баг нь улирлын 82 тоглолтоос 45 хожил авч 98 оноотой плэй-оффт шалгарсан. Мөн багийн шинэхэн ахлагч А.Копитар урьдны сайн формоо олж 82 тоглолтонд оролцохдоо 35 гоол, 57 гоолын дамжуулалт өгч 92 оноо авсан. Багийн ахлагчийн энэхүү гайхалтай эргэн ирэлт багтаа эерэг нөлөө үзүүлж плэй-оффт шалгарсан болов уу. Багийн ахлагчаас гадна хаалгач Й.Куик өнгөрсөн улирал шилдэг байж бусад 30 багийн хаалгачдаас хаалгандаа хамгийн бага гоол алдаж домогт хаалгач М.Бродо, Д.Хашек нарын хүртэж байсан Уилльямс М.Женнингс цомыг 2 дахь удаагаа хүртсэн. Энэ мэт шилдэг тамирчид нь багаа плэй-оффт авчирсан гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

  • БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД: К.Гравел, Т.Рейдер хоюулаа Эдмонтон Ойлерс руу, Ж.Сюббан Торонто Мейпл Лифс руу, К.Фолин Филадельфиа Флайерс руу, С.Вэджэвүүд Баффало Сэйбрес рүү
  • БАГТ ИРСЭН ТОГЛОГЧИД: И.Ковальчук ТХЛ-н СКА-гаас, П.Будаж Тампа Бэй Лайтнингээс

Лос-Анжелес Кингс солилцоо бараг л хийсэнгүй. Харин зарим тоглогчдын гэрээг чөлөөлөн явуулсан бол ТХЛ-ийн СКА багаас чөлөөт агент болоод байсан И.Ковальчуктай гурван жилийн гэрээ хийлээ. Тэртээ 2001 оны драфтын тэргүүн сонголтоор тухайн үеийн Атланта Трейшерс багт сонгогдон ҮХЛ-т хөл тавьж байсан Илья нутагтаа хэдэн жил тоглоод зургаан жилийн дараа ҮХЛ-т эргэн ирж байна. Хүчирхэг Орос залуу Ильяг дахин ҮХЛ-н мөсөн талбай дээр харахад таатай байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Илья Лос-Анжелес Кингс багийн гарааны лайнд гарах магадлал тун өндөр. Ялангуяа Д.Браун бэртлийн улмаас улирлыг эхлүүлж чадахгүй нь үүнийг улам бүр баталгаажуулж байна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I ЛАЙН:

А.Иафалло – А.Копитар – И.Ковальчук

Д.Форборт – Д.Даути

II ЛАЙН:

Т.Пеарсон – Ж.Картер – Т.Тоффоли

Ж.Муззин – А.Мартинез

III ЛАЙН:

А.Вагнер – М.Амадо – А.Кемпе

Д.Фанеуф – О.Фантенберг

Өнөөгийн Лос-Анжелес Кингс баг үнэхээр хүчирхэг харагдаж байна. Ялангуяа повер-плэй дээр А.Копитар, Ж.Картер, И.Ковальчук, Д.Даути, Ж.Муззин нар гарна гэж үзвэл дийлдэшгүй мэт харагдаж байна. Хамгаалагч Д.Даути, Ж.Муззин нар 28, 29 настай бөгөөд  улам бүр туршлагажиж буй шилдэг хамгаалагчид. Тэд хамтдаа ч талбайд гарах боломжтой. Хэрвээ хамт талбайд гарвал эсрэг багийн довтлогч нарт маш хүнд сорилт байх болно. Мөн энэ жил багийн ахлагч А.Копитар дахин сайн формоо хадгалах ёстой. Тэр ахлагч болсон эхний улиралдаа тун хангалтгүй тоглосон бол өнгөрсөн улиралд гайхалтай эргэн ирэлт хийсэн.

Харин улирлын өмнөх тоглолтуудыг харвал маш хангалтгүй үр дүн аваад байна. Уг нь энэ цаг үед Лос-Анжелес Кингс баг лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг юм. Энэ том тоглогчдын учрыг олж амжилтанд хөтлөх үүрэг зөвхөн залуу дасгалжуулагч Ж.Стивенсийн хийх ажил юм. Хэрвээ ирэх дөрөвдүгээр сард плэй-оффын гадна үлдвэл дасгалжуулагч Ж.Стивенс ажлаа өгөх ёстой болно. Иймд Лос-Анжелес Кингс баг заавал плэй-оффт шалгарах ёстой болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж