Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн эрүүл мэнд байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцийн оролцогч талуудын 8 дугаар бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Бага хуралд конвенцийн 137 гишүүн орон, мөн НҮБ-ын харьяа байгууллага, олон улсын бусад байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. Хурлын эхний өдөр болсон өндөр түвшний хэлэлцүүлэгт Гана, Энэтхэг, Нидерланд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас төлөөлөгчид оролцож, тамхин бүтэгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцав.
Бага хурлын үеэр тамхин бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, шинээр гарч буй тамхин бүтээгдэхүүн, тамхины хяналтын үйл ажиллагаанд үзүүлэх тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөг арилгах ажлын явцын талаар оролцогч талууд ярилцана. Түүнчлэн, олон улсын хэмжээнд тамхины хяналтыг сайжруулах, конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох Дунд хугацааны стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, санал солилцоно.
Тамхины хяналтын суурь конвенци нь 2005 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд нийтийн эрүүл мэндийг хөхиүлэн дэмжих чухал механизмын нэг аж. Конвенцийн мөрөөр гишүүн орнууд өргөн хүрээтэй тамхины хяналтын хууль батлахын зэрэгцээ тамхины татварыг нэмэх, тамхигүй орчинг бүрдүүлэх, тамхины сурталгааны эрх зүйн зохицуулалт бий болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Монгол Улсын 2004 онд нэгдэн орсон “Тамхины хяналтын суурь конвенци”-ийн үндсэн зарчим, зорилтыг “Тамхины хяналтын тухай хууль”-д тусган УИХ-аар 2012 онд батлуулсан. Одоогийн байдлаар тус конвенцид 181 улс нэгдэн ороод байна.
Эх сурвалж: ГХЯ