“Малайзиакини”- Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлагыг тодорхойлогч | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Малайзиакини”- Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлагыг тодорхойлогч

“Малайзиакини”- Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлагыг тодорхойлогч

“Эрх баригчид болон редакторын зүгээс цензурт өртөж байсан уламжлалт хэвлэл мэдээллийн сэтгүүлчид “Малайзиакини”-г байгуулсан. Сэтгүүлч бидэнд Малайзын хэвлэл мэдээлэл дэх хараа хяналтыг үгүй хийх шаардлага байсан юм” гэж тус байгууллагын үүсгэн байгуулагч Стивен Гэн 2000 онд “ОУ-ын хэвлэлийн эрх чөлөө” шагнал хүртэж байхдаа хэлж байжээ.

Хонконгийн сонинд чөлөөт сэтгүүлчээр ажиллаж байсан Стивен Гэн 1994 онд эх орондоо эргэн ирснээс хойш Малайзын хэвлэл мэдээлэл дэх Засгийн газрын зохицуулалт болон сэтгүүл зүйн өөрийн цензуртэй нүүр тулж, тэмцсээр ирж. Малайзын өдөр тутмын “The Sun” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа түүний удирдсан баг “Семени” цагаачдын хуаранд 59 хүн халдварт өвчний улмаас нас барсан талаар олж илрүүлсэн ч сонины эрхлэгч нь Засгийн газраасаа эмээж, хэвлэхээс татгалзсан байна.

Малайзын үндэсний хэмжээний сонин, ТВ, радиогийн ихэнх нь улс төрийн намуудын нөлөөнд байдаг тул эрх баригчдаа магтан дуулж, авлига, хээл хахуулийн талаар чимээгүй өнгөрдөг. Тиймдээ ч “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын “Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст Малайз улс 180 орноос 145 дугаарт (Монгол улс 71-т) жагсч байна.

Тус улсад интернэт орчинд ямарваа зөвшөөрөл авах шаардлагагүй, аливаа цензур тавихгүй байх Мэдээлэл холбоо болон мультимедиагийн тухай хуулийг 1998 онд баталсан байдаг. Энэхүү “мультимедиа супер корридор”-ын боломжийг ашиглан, Стивен Гэн, Премеш Чандран  хоёр хувиасаа 10 мянган ам.доллар гарган 1999 оны арваннэгдүгээр сард “Малайзиакини” (Малайзын өнөөдөр) нэртэй анхны цахим сониныг үүсгэн байгуулжээ. Хэвлэмэл сонины лиценз авч чадаагүй тэдэнд 2000  оны дэлхий нийтийг хамарсан интернэтийн давалгаа ихээхэн дэмжлэг болсон хэрэг. Тус сайтын өдрийн хандалт 2016 онд 2.3 саяд хүрсэн байна.

Гэвч сайтын зар сурталчилгаа 2001 оны интернэтийн хөөсрөлөөс болж эрс багасчээ. Хараат бус, бие даасан сайтаа санхүүгийн хувьд хөл дээр нь зогсоохын тулд үүсгэн байгуулагчид нь уншигчдаасаа төлбөр авах болсон байна. Ийнхүү “Малайзиакини” хэрэглэгчийн хувийн мэдээллийг шаардахгүйгээр тус сайт руу нэвтрэх урьдчилсан төлбөрт картыг 2001 оноос нийтэд борлуулж эхэлжээ. Интернэт төлбөрт итгэх итгэл улам нэмэгдсэнээр 2010 онд карт зарахаа зогсоосон байна. Тус сайт 2002 оноос зарим мэдээллээ төлбөр төлсөн захиалагчдадаа хүргэх болсон нь өнөөг хүртэл компанийн санхүүгийн гол эх үүсвэр болж буй. 2017 оны байдлаар жилийн 50 ам.доллар төлөөд сайтын захиалагч болсон 13 мянган хэрэглэгч бүртгүүлжээ. 2013 оны сонгуультай жил энэ тоо 17 мянгаас ч давж байсан аж.

Иргэдэд хараат бус, бие даасан мэдээлэл хүргэх “Малайзиакини”-гийн туулж ирсэн замнал шулуун дардан байгаагүй. Тус редакцид Малайзын Засгийн газрын зүгээс үзүүлэх дарамт нэмэгдэж, 2003 оны нэгдүгээр сард цагдаа нар мэдээний сайтын оффист дайран орж, 40 мянган ам.долларын үнэ бүхий дөрвөн сервэр, 15 компьютерыг нь хураан авав. Гэсэн ч энэхүү үйлдлийн дараа “Малайзиакини” бол хараат бус, бие даасан редакц гэдэг имиж ард иргэдийн дунд улам түгжээ.

Компанийн 2008-2012 оны орлогын 40.6 хувийг захиалагчдын төлбөр, 33.5 хувийг зар сурталчилгаа, 18 хувийг төслийн грант, 3.4 хувийг мобайл үйлчилгээ, 4.5 хувийг бусад үйлчилгээ бүрдүүлж байв. “Малайзиакини”-гийн 2013 оны орлого 1.5 сая ам.долларт хүрчээ.

“Малайзиакини” 2015 оны сүүлчээр 2009-2015 онд ерөнхий сайд байсан Нажиб Разакийн 700 сая ам.долларын авлигын хэргийг нийтэд илчлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн гэмт хэргийн талаар хамгийн бодитой мэдээллийг ил гаргаж буй.

Тус улсын ерөнхий сайд Махатхир Мохамад 1981-2003 онд мөн ерөнхий сайд байхдаа “Малайзиакини”-г дуугүй болгох гэж хичээж байсан аж. Стивен Гэн түүний талаар “Тэр үйлдвэржсэн, хөгжилтэй Малайз орныг бий болгосон хэдий ч зорилгодоо хүрэхийн тулд хараат бус институт болох шүүх, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн цагдаагийн хүчнийг үгүй хийсэн” гэж 2003 онд CNN-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Стивен Гэн зураг дээр баруун гар талд

Тус улсын эрх баригчид “Малайзиакини”-гийн санхүүгийн дэмжигч нь тэрбумтан Жорж Сорос гэж харддаг. Ерөнхий сайд Махатхир 1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Малайзын ринггитын ханш унасан явдлын гол буруутныг Сорос гэж үзэн, түүнийг “Солиотон” гэж нэрлэж байжээ.

“Малайзиакини" сайтын үүсгэн байгуулагч Стивен Гэн, Премеш Чандран хоёр нийлээд “Мкини Дотком” компанийн 60 хувь, Нью-Йорк хотод байрлалтай Хэвлэл мэдээллийн хөгжлийн хөрөнгө оруулалтын сангийн 29 хувийг эзэмшдэг. Гэвч хувьцаа эзэмшигч компани үйл ажиллагаанд нөлөөлдөггүй хэмээн тайлбарлажээ. Харин Хэвлэл мэдээллийн хөгжлийн хөрөнгө оруулалтын санд нийт 50 орчим хөрөнгө оруулагч байдгийн нэг нь Жорж Соросын “Нээлттэй нийгэм сан” гэдгийг өөрийн цахим хуудсанд бичсэн байна.

Малайзиакини Австралийн алтны компанийг олборлолтын үйл ажиллагаандаа натрийн цианид гэдэг химийн хортой бодис ашиглаж, уурхайн ойр орчмын тосгоны иргэдийн эрүүл мэндийг хохироосон гэж 2012 оны есдүгээр сард гурван удаагийн нэвтрүүлэг цацжээ. Австралийн компани мэдээллийн сайтын эсрэг гомдол гаргасны дагуу, Малайзын Дээд шүүхээс 2018 оны нэгдүгээр сард мэдээллийн сайтыг Австралийн компанийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 88,000 ам.долларын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. “Малайзиакини” олон нийтэд хөрөнгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд ард иргэд нөхөн төлбөрийн хөрөнгийг 12 хоногийн дотор цуглуулж, мэдээллийн сайтыг хаагдах аюулаас сэргийлсэн аж.

Ийнхүү Засгийн газрын хараа хяналт, цензурыг үгүй хийх гэсэн сэтгүүлчдийн байгуулсан, хараат бус, бие даасан “Малайзиакини” нийгэмдээ үйлчилсээр, дэлхий нийтэд сэтгүүл зүйн шинэ чиг хандлагыг тодорхойлох жишиг мэдээллийн сайт болжээ.

Монголын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв

Мэдээллийг бэлтгэсэн Ө.ОТГОНТӨГС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс