Тогтолцооны реформ хийх нь “өмд оёх”-оос хэцүү шүү дээ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Тогтолцооны реформ хийх нь “өмд оёх”-оос хэцүү шүү дээ

Тогтолцооны реформ хийх нь “өмд оёх”-оос хэцүү шүү дээ

УИХ-ын намрын чуулган гэх үү, “намын” чуулган гэх үү нээлтээ хийлээ. Уламжлалт хүлээлт нь чуулганы нээлт дээрх Ерөнхийлөгчийн үг байв. “Үгэн доторх үг, үхэр доторх гиваан” нь юу байв.

Цочтол хэлсэн эхний асуудал нь “Тогтолцооны реформ” байлаа. “Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ” хэмээн тэрбээр дүгнэв. Гэрийн баганад алдаа гарсан, хазайчхаад байна, будаг түрхээд нэмэргүй гэнэ. УИХ, Засгийн газар хариуцлагын тогтолцоонд орсон гэсэн нь маргаангүй үнэн. Харин “Засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ”, “Тогтолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно” гэснийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл энэ удаагийн чуулганаар хэлэлцэх тул байр суурь болгон оруулж байгаа явдал гэж үзэж болохоор байв.

Ерөнхийлөгч “Тогтолцооны реформ хийе”, “Эрс шинэчлэлд нэгдэгтүн” хэмээн уриалж, энэхүү “реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигарх, цөөнх байх болно” гэснээрээ талцлыг буй болгох юм биш биз.

Үнэн хэрэгтээ тогтолцооны реформ гэдгийг сүр оруулах гэж хэлэв үү, амнаас тань тийм удаан “алдрав” уу гэдгийг гайхаж байлаа. Нэгэнтээ ярилцлагадаа “өмд оёх амархан шүү дээ” гэсэн дээ. Тэрнээс чинь бол аймаар хэцүү шүү дээ. “Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх зарчмыг хаана ч хэзээ ч орхигдуулж болохгүй” гэдэг тань бол таны зарчмаас хамгийн олон хүнд таалагддаг нь билээ. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцооны реформ хийнэ гэдэг нь өнөөдөр Таныхаар нэгдүгээрт эрэмбэлэгдэх боловч одоо мөрдөж байгаа хуулиар бол Үндсэн хууль ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж “яваа” билээ.

Тогтолцооны реформ хийгээд иргэдээ, эдийн засгаа “өөд татсан”, тэрхүү “азгүй жишээ” Монголд давтагдвал юугаараа сайн бол?

Маш хүчирхэг дэглэмийг нураан унагасныг нь онцлох ёстой. Тэд шинэчлэлийн хамгийн гол хэсэг нь авлигатай тэмцэх тэмцэл байсан. Хамгийн их авлигажсан гаалийн байгууллагаа л гэхэд англичуудад менежментийг нь өгчихсөн чинь авлига нь эрс буурсан гэж байгаа. Цагдаагийн байгууллагын шинэчлэлээр хэзээ ч хуулийн цоорхойгоор гарч чаддаг олны танил эрүүгийн рецедивүүддээ хариуцлага хүлээлгэж чадсан. Үр дүнд нь халагдсан цагдаа, хүчний байгууллагынхан, эрүүгийн элементүүд гэх аймшигтай сөрөг хүчинтэй “тулалдсан”.  Зэвсэгт хүчний реформ гэдэг “аймшиг”-ийн тухай тайван Монгол орны Ерөнхийлөгч яриагүй нь ойлгомжтой харин хариуцлагын реформ, эдийн засгийн “бүтэн” реформыг бол ярих нь зүйн хэрэг юм.

Ерөнхийлөгчийн эш татсан таатай жишээ буюу Гүржийн реформын дүнд “бизнес эрхлэхэд таатай нөхцөлөөр 100-д байснаа 8-д орсон, жуулчдын тоо 1249 хувиар өссөн, авлигаар 136-аас 35-д жагссан зэрэг нь гайхамшигтай үр дүн мөн.

Харин манай реформ ямархуу байх бол. Үндсэн хуулийн механизмаар ардчилсан реформ хийж чадсан орон болох уу. Эдийн засгаар суурилсан шилжилт хийсэн, эсвэл  улс төрийн шилжилт дуусаагүй, Үндсэн хуулийн хямралтай реформ хийсэн орны тоонд орох уу. Яг Гүржийн реформын хувьд бол тухайн үед Монгол  Улс эрх чөлөөт орон, Гүрж хагас эрх чөлөөт орны ангилалд байсныг дурдахад илүүдэхгүй биз ээ. Тиймээс “эрх чөлөөгүй орноор” жишээ аваагүй нь их юм.

Ерөнхийлөгч Та иргэн Х.Баттулга, сайд Х.Баттулга байхдаа “Ерөнхийлөгч гэхээрээ тэр чигээрээ ухаантай, хаан хүн биш”, “Төрдөө адлуулах иргэний үүрэг” гэх алдарт ишлэлүүдээ “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгээр хэлсэн. Үнэхээр чухал үгс шүү. Одоо энэ үгсийг Танд хэлэхэд дургүйцэхгүй байх. Мөн тухайн үед байсан эрх мэдэл хэвээрээ байгаа болохоор үг бүхэн тань ухаантай байх албагүй гэдэгтэй санал нийлнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хууль тогтолцооны ямар ч реформ хийсэн “Ерөнхийлөгчийг Хаан байлгахгүй” байх нь зөв гэдэгтэй Та санал нийлэх үү гэдгийг эцэст нь асуумаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж