У.Хүрэлсүх: Манай засаг гурван зүйлийг анхаарч ажиллана | News.MN

У.Хүрэлсүх: Манай засаг гурван зүйлийг анхаарч ажиллана

У.Хүрэлсүх: Манай засаг гурван зүйлийг анхаарч ажиллана

У.Хүрэлсүх: Манай засаг гурван зүйлийг анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа АНУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам.долларын гэрээг үзэглэж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд Монголыг төлөөлж үг хэлсэн билээ.  Ингээд айлчлалынх нь үр дүнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ярилцсанаа хүргэе.

/2018.09.28 Нью-Йорк хот/


-АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд  та төрийнх нь бүх томчуудтай уулзалт хийсэн.  Уулзалтын үр дүн, айлчлалын ач холбогдлын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Хорь гаруй жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Вашингтоны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал маань маш сайхан, амжилттай, үр дүнтэй ач холбогдолтой боллоо гэж  Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна.  Монгол-Америкийн хооронд 1987 онд дипломат харилцаа тогтсон байдаг.  Түүнээс хойш 31 жил өнгөрчээ. Энэ 31 жилийн хугацаанд Монгол-Америкийн харилцаа улс төр, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах, хүмүүнлэг, соёлын гээд бүх л салбарт өргөжин тэлж байна.  Монгол-Америкийн цэргүүд өмнө нь Иракт энхийг сахиулж байсан бол өнөөдөр Афганистанд,  хамгийн  халуун цэг дээр мөр зэрэгцэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө алба хааж байна.  Энэ бол Монгол-Америкийн харилцаанд том өөрчлөлт гарсны, ойр дотно байгаагийн  бас нэг илэрхийлэл юм.

Айлчлалаар Монгол Улсын Ерөнхий сайд миний бие  АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзаж,  хоёр орны харилцааг нэг шат ахиуллаа.     АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпейтай уулзаж, Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам.долларын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. АНУ-ын ҮАБЗ-ийн дарга Ж.Болтон болон дэлхийн болон ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа.  Мөн  Нью-Иоркт байх хугацаандаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп бараалхаж, хоёр орны   харилцаа, соёлын асуудлаар ярилцлаа.

-Вашингтоноос сонсгосон хамгийн сайхан мэдээ нь Мянганы сорилтын сангаас  350 сая ам.долларын компакт гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатарын зуун жилийн усны асуудал шийдэгдэх нь байна. Энэ бол зөвхөн нийслэлчүүд гэлтгүй, монгол хүн бүхэнд хамаатай асуудал байх, тийм үү?

– Айлчлалын хүрээнд Монголын нийгэм, эдийн засагт нэн чухал олон асуудлыг хөндлөө, шийдлээ.  АНУ-Монголын  эдийн засгийн хамтын ажиллагаа хэрхэн өргөжих вэ гэсэн замын зургаа тодорхойллоо.  Цаашдаа хоёр улс  эдийн засгийн хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх вэ, юун дээр анхаарах вэ гэдгээ ярилцлаа. Жишээлбэл, Хөдөө аж ахуй газар тариалан, эрчим хүчний салбаруудад хэрхэн яаж ажиллах вэ гэсэн төлөвлөлт, баримт бичгээ замын зурагт тодорхойлсон гэсэн үг.

Мянганы  хөгжлийн корпорацийн хоёр дахь санхүүжилтийг авч чадлаа.  Энэ төсөл Монгол Улсын  нийгэм эдийн засаг, урт хугацааны хөгжилд маш их ач холбогдолтой юм гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна.  АНУ-ын иргэдийн татварын мөнгөөр  Монголд хамгийн их тулгамдаж байгаа усны асуудлыг шийднэ.  Монголын хүн амын  хоёрны нэг буюу 1.5 сая хүн өнөөдөр Улаанбаатарт амьдарч байна.  Жил бүр хүн амын  тоо улам нэмэгдэж байна. Хөдөө орон нутгаас  нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ч өсөх болсон.   Энэ хэрээр усны хэрэглээ нэмэгдэнэ. Гэтэл хамгийн муу мэдээ нь, Улаанбаатар 2030 он гэхэд усны хомсдолд орох нь гэсэн судалгаа гарсан. Ийм аюултай нөхцөл байдал биднийг тосч байна.

Монголчууд ниргэсэн хойно нь хашгирах биш, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болсон.  Ус бол төрийн бодлогод  үнэт зүйл. Ус бол чандмань эрдэнэ.  Хүний амь, хүний оршин тогтнох үндэс бол ус.   Ус тусгаар тогтнолын үндэс. Аюулгүй байдлын баталгаа.  Тиймээс АНУ-ын өгч байгаа тусламжаар усны асуудлаа шийднэ. Усны нөөцөө сайжруулна. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын цэвэр усны нөөц 80 хувиар нэмэгдэнэ.

 -Цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхээс гадна төслийн хүрээнд Монгол анх удаа  саарал усыг хэрэглээндээ ашиглахаар болж байгаа шүү дээ?

-Монгол Улс хэзээ ч  саарал ус ашиглаж байгаагүй. Тэгвэл Мянганы сорилтын сангаас өгч буй мөнгөөр бид түүхэндээ анх удаа  саарал усаа ашигладаг болно.  Үйлдвэр байгуулна. Нэг ёсондоо, ахуйн, үйлдвэрлэл гээд бүх төрлийн зориулалтаар саарал усыг ашигладаг болно. Өнөөдрийн байдлаар, жилдээ 15 сая метр куб усыг цахилгаан станцад хэрэглэж байна. Энэ бол Улаанбаатарын цэвэр усны  нөөцийн 20 хувийг ДЦС-д ашиглаж байна гэсэн үг.

Тиймээс хэрэглэсэн усаа буцаад ашиглана гэдэг эдийн засаг, байгаль экологид ч ач холбогдолтой юм. Усгүй бол амьдралгүй. Цаашдаа зуун жил усны гачаалаас Улаанбаатар гарч чадна гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн хүмүүс гаргасан байгаа.   Энэ төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай гарын үсэг зурлаа.  350 сая ам.доллар бол Монгол мөнгөөр 875 тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ.

-Монголоос оёмол, сүлжмэл, ноолууран бүтээгдэхүүнийг  АНУ руу татваргүй экспортлох асуудал яригдсан байгаа. Сенатч Дан Салливан анхаарал хандуулна гэж амласан?

-Монгол-Америкийн худалдааг өргөтгөх зайлшгүй шаардлагатай байна. Улсынхаа экспортоо нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахгүйгээр эдийн засгаа солонгоруулж, өөд нь татах боломжгүй юм.  Тиймээс  АНУ-тай  бид нэг зүйлийг ярилаа. Энэ бол гуравдагч хөршийн татварын асуудал.  Монгол Улсаас оёмол, сүлжмэл, ноосон эдлэлийг АНУ-ын зах зээлд татваргүй гаргах тухай  асуудал яригдсан.  Энэ асуудлыг АНУ-ын конгрессоор хэлэлцэж байгаа. Удахгүй сенатад орох ёстой.  Тиймээс Монголын асуудлын талаар Дан Салливан гишүүнтэй би өөрийн биеэр уулзаж, дэмжлэг хүссэн. Сенатын гишүүн энэ хуулийг батлуулахын төлөө бүхий л боломжоо  дайчилна гэдгээ Монголын ард түмэнд дуулгасан. Хэрэв  хууль батлагдаж чадвал Монгол Улсаас  ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд гарна. Америк 350 сая хүн амтай.  Манай Монгол Улс өөрийнхөө ноолуурыг  дотооддоо боловсруулаад, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож гаргавал жилдээ нэг тэрбум ам.доллар цэвэр ашиг олох  боломж байна. Харамсалтай нь, Монгол Улс хэдийгээр дэлхийн ноолуурын 40-50 хувийг хангадаг ч  зах зээлд дийлэнхийг нь түүхийгээр нь гаргадаг. Тиймээс ноолуураа дотооддоо боловсруулж, нэмүү өртөг бүтээе.  Нэмүү өртөг бүтээсэн  бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байж л илүү ашиг, илүү мөнгө олно.

Монгол бол оёмол, сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх арвин баялагтай.  Хуучин социализмын үед  Монгол оёмол, сүлжмэлийн олон үйлдвэртэй байсан.  Тиймээс энэ чиглэлийн үйлдвэр байгуулбал 30 орчим мянган хүн ажлын байртай болно, тогтмол орлоготой болно, ажилгүйдэл буурна.  Монголд хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх  маш чухал хуулийн төслийг сенатад өргөн барьж хэлэлцүүлэх асуудлыг АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд ярилаа. Асуудал амжилттай шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Тэгэхээр татварынхаа мөнгөөр Улаанбаатарын ундны усны асуудлыг шийдэж өгч байгаа АНУ-ын иргэдэд бид юуны өмнө талархах ёстой байх. Энэ буцалтгүй тусламжийг өгөх болсон шалтгааныг та юу гэж харж байна?

-Түүх ярихад,  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкар 1991 онд  Монголд анх ирж байсан юм. Монголд тэр үед коммунизмаас татгалзаж,  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжих процесс ид явагдаж байсан үе л дээ. Жеймс Бейкар монголчуудад хандаж, “Танай улс агуу түүхтэй орон, хоёр сайн хөрштэй.  Хэрвээ гурав дахь хөрш хэрэгтэй гэвэл АНУ дуртайяа болно шүү” гэж хэлж байсныг олон хүн санаж байгаа байх.  Тэр үеэс гурав дахь хөршийн асуудал яригдсан. АНУ өнөөдөр Монголын хамгийн идэвхтэй, хамгийн сайн харилцаатай гурав дахь хөрш болсон байна.  Америк бол ардчилсан орон. Монголд хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн  ардчилсан нийгмийг байгуулахад,  зах зээлийн нийгмийн хүнд хэцүү бэрхшээлтэй цаг үеийг давж гарахад  АНУ-ын ард түмэн, үе, үеийн төр засаг байнга дэмжиж ажиллаж ирсэн.

Тэд Монголын ард түмнийг, ардчиллыг үнэлж 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг өглөө гэж харж байгаа. Монголыг Азийн  ардчиллын баян бүрд гэж АНУ үздэг. Төв Азийн цээжинд, зүүн Азийн орнуудад ардчиллыг хамгийн сайн хэрэгжүүлсэн ардчиллын баян бүрд болсон улс гэж АНУ үнэлдэг нь сая айлчлалаар болсон уулзалтуудаас харагдлаа. Тийм ч учраас ардчилсан Монгол Улсыг АНУ-ын ард түмэн  бүх талаар тусалж дэмжинэ гэдгээ бидэнд хэлсэн.

Үнэндээ 350 сая ам.долларыг Монголд буцалтгүй тусламжаар өгч байгаа улс байхгүй шүү дээ.  Тиймээс 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бидний хамгийн тулгамдсан асуудлыг шийдэж өгч байгаа АНУ-ын ард түмэнд, АНУ-ын төр засагт  монголчууд бид баярлалаа гэж хэлэх ёстой болов уу.

-Ардын засгийн газрыг ард иргэд анхааралтай ажиглаж байгаа. Танай засгаас хүлээх хүлээлт ч их байна. Таныг АНУ-д айлчлал хийх үед Ардын засгийн нэг жилийн ой тохиосон. Энэхүү 365 хоногт танай засаг юу хийв, цаашид юу хийхээр төлөвлөж байна?

-Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдох үедээ би ярьж байсан, одоо ч би  Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн зүтгүүр болсон хэдэн том асуудлаа  шийдэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Тавин жил, хорь, гучин жил саатсан, гацсан том, том ажлуудыг  эхнээс нь шийдээд явж байна. Хамгийн эхлээд Тавантолгойг яръя. Өнгөрсөн хаврын чуулганаар улс төрийн шийдэл нь гарчихсан. Засгийн газрын зүгээс энэ ордыг эргэлтэд оруулах ажлаа эхэлчихсэн.  Энэ бол маш том амжилт гэж бодож байна. Улс төрөөс болж арваад жил гацсан төсөл шүү дээ. Монголын ард түмэнд маш хэрэгтэй төсөл.  Монгол Улс  цахилгаан станц, төмөр замаа барих хэрэгтэй.  Авто замаа барих ёстой. Тавантолгойг 200 жил ашиглана. Ямар ч байсан энэ төсөл  улс төрийн гацаанаас гарлаа.

Хоёрт,  Монголын ард түмний жаран жил хүлээсэн газрын тосны үйлдвэрээ барина.  Анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялааж байснаас хойш 26 жил болж байгаа нефтийн үйлдвэр барих шавыг өнгөрсөн хавар Дорноговийн Алтан ширээтэд   тавилаа.  Газрын тосны үйлдвэрийн шавийг олон ч удаа тавьсан байдаг. Бас л  гацдаг, ажил хэрэг болдоггүй нэг том  төслийг эхлүүлээд, дэд бүтцийн ажил нь хийгдээд явж байна.  Монгол Улсын хувьд  том түүх болж үлдэнэ. Дотооддоо шатахуунаа боловсруулдаг, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолд асар том үнэ цэнэтэй төсөл юм.  Ийм төслийг хийж хэрэгжүүлэхийн төлөө энэ Засгийн газар ажиллаж байна.  Төсөл хэрэгжсэнээр нэг тэрбум ам.долларыг дотооддоо шингээнэ, гадагш нь гаргахгүй. Монгол төгрөгөөрөө бид  шатахуунаа авдаг болно. Дэлхийн  нефтийн үнэ ханшинд бид цохиулж, ханиад тусахаа болино.   Хүмүүс надаас асуудаг. Засгийн газар яагаад ажил хийхгүй байгаа юм, нефтийн үнийг яагаад барихгүй байгаа юм, шатахууны үнэ өслөө гэдэг . Бид бүх л боломжоо тавьж өгсөн.  Татварыг нь тэглэсэн. Үүнээс цааш барих боломж байхгүй.  Биднээс үл хамаардаг, дэлхийн зах зээлд  үнэ яаж хөдөлнө дагаад Монгол хатгаа авдаг. Үүнээс гарах ганц боломж нь дотоодоо газрын тосоо үйлдвэрлэх, үйлдвэр барих.  Тиймээс дөрвөн жилийн дараа  энэ үйлдвэр ашиглалтад орвол Монгол нефтийн үнэд дарлуулахаа болино. Цаашлаад Хятадад шатахуун экспортлох боломж бүрдэж байгаа.  Гурав дахь асуудал, нь бас  хориод жил ярьсан Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл.

-Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл үе, үеийн хотын дарга, Засгийн газрын толгойны өвчин байсан. Одоо харин хэзээ ажил нь эхэлж,  ашиглалтад орох бол гэсэн хүлээлт үүсчихлээ ?

– Улаанбаатар хот өнөөдөр  тэр аяараа өмхий үнэрт  дарагдсан. Олон ч засаг, олон ч хүн ярьсан. Үүнийг хийж, хэрэгжүүлж чадаагүй.  Манай Засгийн газар Хятадын  Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарт хамгийн орчин үеийн цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүллээ.  Хөрөнгө санхүү нь шийдэгдчихсэн.  Хятадын Гадаад хэргийн сайд нь ирээд нээлтээ хийчихлээ.   Дөрөвдөх  нь,  усны асуудал.  Улаанбаатар усгүй болж байна. Үүнийг АНУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд  шийдэх МСС-ийн компакт гэрээг албажуулаад ажлаа эхлүүлчихлээ.

Тав дахь нь, сургууль цэцэрлэг. Би өмнө нь хэлж байсан. Алийн болгон азийн сугалаагаар хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд оруулах вэ гэж.  Ирэх жил,  есдүгээр сарын 1-нд 120 сургууль цэцэрлэг ашиглалтад оруулна. Нэг ёсондоо, 2019, 2020 онд багтаагаад Монгол Улсын бүх сургууль хоёр ээлжээр хичээллэж, бүх хүүхдүүд  цэцэрлэгт явна.  Тиймээс  нэг удаадаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг багцаар нь шийдээд өгье гэж. Түүнээс цааш  жилд 70 мянган хүүхэд төрдөг гэвэл тэдний асуудлыг жил жилд нь төсөвтөө тусгаад шийдээд явах боломжтой болно. Ардын  засаг өнгөрсөн нэг жил зүгээр суугаагүй, цаашдаа ч бид гурван зүйлийг анхаарч ажиллана.

-Тухайлбал, танай танхим ямар гурван зүйлийг анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа гэж?

Нэгд, эрчим хүч, хоёрт,  нефть, гуравт хүний асуудал. Ерөнхий сайдын толгойд байгаа гурван асуудал бол энэ.  Үүнийг шийдэж чадвал, Монгол Улс жинхэнэ бие даасан, тусгаар тогтносон,  аюулгүй байдлаа хангаж чадсан улс болно.  Бид  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих асуудлыг ярьж эхэлсэн.  Зураг төслийг нь хийж байгаа.  Хэрэв бид үүнийг ажил болгож чадвал баруун аймгуудаа эрчим хүчээр хангана.  ОХУ-аас эрчим хүч авахаа болино. Гурав, дөрөвдүгээр станцынхаа шинэчлэлийг хийнэ.

Газар тариалангийн бүс нутгийг тогтоож өгсөн.  Монголын нийт хүн амыг тэжээдэг 800 мянган га газраа газар тариалангийн бүс болгоё гэж шийдсэн. Дотоодынхоо хэрэгцээг хүнсээрээ бүрэн хангах ёстой. Дээр нь энэ өргөн уудам нутгаа ашиглаад хүнсний орон болох хэрэгтэй.  Органик хүнсээ Хятад Орос руу гаргая. Махаа экспортод гаргая. Тиймээс энэ жилээс Монгол даяар малаа эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн.  Мэдээж, нэг хоёр жилийн дотор шийдэж чадахгүй, хугацаа хэрэгтэй. Ямар ч байсан бид хөдөлгөж чадлаа.  Одоо зохион байгуулж хийх л үлдэж байна.

-Та НҮБ-ын индэр дээрээс Монголыг төлөөлж үг хэллээ. Ямар санагдаж байна?

– НҮБ-ын  ерөнхий ассамблейн 73 дугаар чуулга уулзалтад улсаа төлөөлж үг хэллээ.  Өнөөдөр  дэлхийн ертөнцөд маш олон асуудал байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ “Бие, биедээ итгэе.  Итгэлцэл дээр  амьдаръя” гэдэг асуудлыг хөндлөө.  Монгол Улс  1961 онд НҮБ-ын 101 орон болж элссэнээс хойш дандаа  дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө ажиллаж ирсэн.  Дэлхийн дээрх мөргөлдөөн үл итгэлцэл болоод шашин хоорондын асуудлаас гарч байгаа. Монгол Улсын Засгийн газраас ирэх жил Азийн буддистуудын хурлыг зохион байгуулна гэдгээ зарлалаа.

Хоёр  Солонгосыг эвлэрүүлэх асуудлаар Монгол Улс маш идэвхтэй ажиллаж,  Улаанбаатарын яриа хэлэлцээрүүдийг олон удаа хийж байсан. Солонгосын хойгт  энх тайван тогтоох, цөмийн зэвсэггүй бүс нутгийн асуудал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал,  дэлхийн энх тайвны асуудлаар Монгол Улс өөрийн хүч, хувь нэмрээ оруулж байгаа.  Монголын 1500 гаруй цэрэг цагдаа дэлхийн халуун цэг дээр ажилласан.  Энэ бол энх тайвны төлөө  НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс нэр төртэй  биелүүлж байгаа  явдал юм. Манай цэрэг армийг чадварлаг, төвшин нэмэгдсэн гэж үнэлдэг, үүгээрээ бид бахархах ёстой.

-Далайд гарцгүй орнуудын асуудал НҮБ дээр тусгайлан яригдаж байгаа. Монгол далайд гарцгүй орон. Тиймээс ч энэ асуудалд санаачилгатай, идэвхтэй оролцдог?

-Далайд гарцгүй хөгжиж байгааг орнуудын дуу хоолой, эрх ашиг, хөгжлийн талаар НҮБ-ын чуулганаар хөндөгдөж байна. Монгол Улс энэ асуудалд санаачлагатай оролцсон.  Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт нээсэн. Тиймээс ч бид  далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын  эрх ашгийг хамгаалах талаар манлайлан оролцох ёстой.

– Та  Ерөнхий сайд болсноос хойш гурав дахь албан ёсны  айлчлалаа АНУ-д хийлээ. Энэ нь Монголын олон талт гадаад бодлогын нэг сурталчилгаа болж чадаж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ, АНУ-д хийж байгаа айлчлалыг дэлхий нийтээрээ харж байна. Цагаан ордонд хийсэн уулзалтууд олон улсад цацагдаж байна.  АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтыг талаар гадны хэвлэлээр мэдээлсэн байна лээ.  Энэ бол Монгол Улсын гадаад бодлогод маш том сурталчилгаа болж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шударга ёсыг тогтоо Хүрэлсүхээ 2018-10-02 66.181.191.14

Шударга бус байвал юу ч өөрчлөгдөхгүй.

Avatar

Jil Bur 2018-10-02 202.131.232.114

Монголын хүн амын хоёрны нэг буюу 1.5 сая хүн өнөөдөр Улаанбаатарт амьдарч байна. Жил бүр хүн амын тоо улам нэмэгдэж байна. Хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ч өсөх болсон. Энэ хэрээр усны хэрэглээ нэмэгдэнэ. \nBugdiig ni UBd atsarch uls ornoo ezguiruulehiig l huseed bn aa daa. Esreg arga hemjee awch bolno doo...

Avatar

Zochin 2018-10-02 178.233.49.30

Anhaarch ajillana geseer btal 4 jil chin duuslaa holduu durak min. Hereg algaa ed nar neeree

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ БООЛ УХНАТАЙ НЬ ХАМТ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-02 66.181.167.194

Муу ухна дарга маань ирчихэв үү, яав аа? Тэр хол Америкэд очоод лааны барималтай биш яг жинхэнэ ориг трамптай нь зургаа авахуулсан байлгүй дээ. Арай ч мань хэдийгээ тэгэж аймаар хуурахгүй байх аа. Зөвхөн ганц зураг авахуулахад 100.000 доллар төлсөн гэж бичээд байх юм. Угаасаа Трамптай уулзахад мөнгө төлдөг гээ биз дээ. Харин ч анх хэлсэн үнэ болох 200.000-г бууруулж 100.000 болгосон ёстой мундаг дарга шүү. Оркуудын бөөс жанхуугийн тагтаа поозыг дууриалаа гэж их гоочлох юм, хөөрхий минь яг зураг

Avatar

зочин 2018-10-02 202.70.44.238

төрд үүрлэсэн олигархуудыг зайлуулж төрийг цэвэрлэх үүрэг л ард иргэд бид өгсөн. Түүнээс элдэв долоон юм хэрэггүй

Avatar

иргэн 2018-10-02 66.181.167.54

Шударга ажиллаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.ЗГ-н гол асуудлын 1 доллорын ханш шатахууны үнэ бараа бүтээгдэхүүний үнийг л тогтвортой барьж байж ажлаа сайн хийж байна гэсэн үнэлгээ авах ёстой.Гэтэл ЕСайд энэ 3-т анхаарахгүй ахиж ч нэмэгдэнэ гээд шал өөр зүйл яриад явахаар хэн үүнийг зохицуулах юм.Огцрох хэрэгтэй.Өмнөх засаг хамаагүй илүү байжээ.

Avatar

Зочин 2018-10-02 66.181.189.200

neokomunist,t1 Huuk-g mgl ulsin baatart todorhoiluulah tsag boljee

Avatar

зочин 2018-10-02 203.91.118.247

Засгийн газар сайн ажиллаж байна аа, Иргэд бид баяртай байна, 2012-оос 2016 онд АН-д хамаг зүйлсээ сүйтгүүлсэн иргэд бид бүүр итгэхээ больжээ, Одоо харин Эдийн засаг өсөж улс орон хөгжлийн замд орж байгаа нь илт байна аа, \nМиеэ-гээс салахгүйгээр шударга ажиллах хэцүү байх шүү, зайлуулаарай

Avatar

Зочин 2018-10-02 66.181.166.36

bayar hurgeye! Mundag ajilla baigaa eronhii said shuu. MAsh tom ajil buteegeed irsen baina, uuhailan demjih yostoi atal uurtai ug bitgii chuluud. Ene hun sainnnnn uils hiij baigaa hun suu harin

Avatar

Зочин 2018-10-02 150.129.140.52

Алт ухахаа больчих аялал жуулчлалаа хөгжүүлж ард түмэнийхээ толгойд юм хий.Хил,хэл,мал гуравтай байхад юу гэж хэллээ.

Avatar

Зочин 2018-10-02 150.129.141.154

ЮУ Ч ГЭХ ВЭ ДЭЭ ЭНЭ СОЛДАТЫГ .

Avatar

Зочин 2018-10-02 150.129.141.44

Hahaha

Avatar

Сүлд 2018-10-02 66.181.189.218

10 гаруй удаа өөрийгөө "Ерөнхий сайд" гэдгээ хэлжээ. Хэлэхгүй бол уншигч мартчих гээд байгаа юм байх. Өөртөө итгэлгүй аймхай хүний шинж.

Avatar

Хэро 2018-10-02 175.38.117.60

Ах аа таныг топор гэдэг шд...

Avatar

Зочин 2018-10-02 66.181.161.127

Болж л бн их мөнгө олж иржээ Амжилт хэл амаа билүүдсэн худалч урвагч Мөнхбат Номт нар болон үеээ өнгөрөөсөн АН ын Батүүл Баабар МАн ын Энхболд мэтийн хог шаарнуудаас салж Монгол улсыг хөгжүүлж чадах сайд асан Алтанхуяг одоогийн Ерөнхийлөгч нартайгаа хамжаад дэмжээд явчвал ч бас болохоор л харагдаж бн Ажил хийдэг хүнээ таних нүдтэй л баймаар байгаан

Avatar

Зочин 2018-10-02 202.131.245.243

Газар, хүн байхгүй бол ус байгаад яах вэ дээ? Өөрийнхөө газар дээр төр нь эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй бол ус байгаад яанам вэ, хүүхээ? Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс, аюулгүй байдлын баталгаа нь АНУс мөн гээд тойруулалгүйгээр ичиж, зоволгүй хэлчих дээ, хүү минь.

Avatar

Зочин 2018-10-02 103.212.116.54

УБ ХОТЫН ДУЛААН ЦАХИЛГААНЫ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДУУЛЭЭД АЖЛЫГ ЭХЛУУЛЧИХВЭЛ САЙН БАЙНА ХУУКЭЭ ТЭГЭХГУЙ БОЛ ХОТ ХОЛДОЖ МАГАДГУЙ ШУУ ХЭЛСЭН ШУУ

Avatar

Q 2018-10-02 103.212.116.54

GEHDEE OROSIIN UNDUR HUUTEI MUNGUUR BISH.

Avatar

Зочин 2018-10-02 103.229.122.32

Эхлээд хун байх учиртай. Хунгуй болчихвол ус, нефть хэрэггуй юм!\nТер тер шиг ажиллах шаардлагатай бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж