Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Оюутолгойн төслийн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан хоёр ч хүнийг баривчлан хорьж “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн. Тэгвэл олны анхааралд өртсөн дуулиант хэргүүдийн хэрхэн шийдвэрлэгдэж ямар шатандаа байгааг тоймлон хүргэж байна.
ЭРДЭНЭТИЙН ЭКС ЗАХИРАЛ Ч.ГАНЗОРИГИЙГ СААТУУЛЛАА
АТГ–ын мөрдөн байцаагчид өнгөрөгч долоо хоногт ээлжит баривчилгаа хийсэн. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулан цагдан хорьсон юм. “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татсан талаар өнгөрсөн өвөл мэдээлж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Ч.Ганзоригийг саатуулан шалгаж байгаа юм. Мөн прокуророос Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьж, шүүхээр шийдүүлэх аж.
Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж буй юм. Үүнд “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Галбадрах нарын таван хүнийг яллагдагчаар татан шалгаж буй. Дээрх зээлийн гэрээнд холбогдох нөхцөл бүхий баримт бичигт Ч.Ганзориг, Г.Амарбат нар гарын үсэг зурсан байдаг.
Тиймээс тухайн үед дарга байсан Ч.Ганзориг нарын эдгээр хууль бус үйлдлүүдийг хуулийн байгууллагаас нягтлан шалгаж эхэлжээ. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд олон жил шалгуулж, хоригдож байгаа бөгөөд хамсаатнуудад нь холбогдох хэргийг шалгаад дуусвал яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлнэ гэдгийг Э.Идэрцог дарга онцолсон юм.
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИМТЫГ ҮНДЭСЛЭН 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖЭЭ
МАН–ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэргийг АТГ–ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгаж эхэлжээ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ийнхүү шалгах болсон аж. Энэ талаар АТГ-аас прокуророос хэргийг хаасан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг дагуу дээд шатны прокурор хэргийг сэргээсэн. Ингээд гурван байгууллагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг даалгасан. Хэрэг асуудлыг сэргээх, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь прокурорын эрхийн асуудал. Одоогоор тагнуулын байгууллага дээр голлон төвлөрч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн прокурорын хяналтад шалгагдаад явж байгаа юм гэдгийг тодотгосон юм.
АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙГАА СЭЖИГТНИЙ ГЭРЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР ОЛДЖЭЭ
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр олджээ. Энэ нь монгол төгрөгөөр бодох юм бол гурав орчим тэрбум төгрөг аж. Тухайн сэжигтнийг яллагдагчаар татан баривчилсан байгаа бөгөөд дээрх мөнгийг битүүмжлэн эд мөрийн баримт болгон хураан авчээ. Одоогоор их хэмжээний энэ мөнгийг юунд зарцуулах гэж байсан, хэнд авлига өгөх гэж байсан болон гарал үүслийг судалж, нарийвчлан шалгаж байгаа талаар АТГ–аас мэдээлсэн юм.
Энэ их мөнгийг цагдаагийн эрх бүхий дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчидтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Мөн цагдаагийн байгууллагын ажилтнууд авлигад өгөхөөр хадгалж байсан гэх мэдээллүүд ч хэвлэлээр гараад байгаа юм.
Гэхдээ АТГ-ынхан авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулагдах гэж байсныг нарийвчлан шалгаж байгаа. Мөн Авлигын хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч Г.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн. Энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй. Түүнчлэн яг энэ хэрэг дээр цагдаагийн өөр хэн нэгэн албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй гэж мэдээлээд байгаа юм.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ИРЭЭГҮЙ БАЙНА
АТГ–аас хоёр ч экс Ерөнхий сайд нараа сүр дуулиантай баривчилгаа хийж албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эрхмүүдийг шалгаж эхэлсэн. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэднийг ШШГЕГ–ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан ч эдгээр эрхмүүд наадмын өмнөхөн шүүхээс хилийн хориг тавьж, батлан даалтад байгаа юм.
Саяхан АТГ–аас дээрх хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа яваа талаар АТГ–ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг хэрэг дээр нэлээн олон шинжилгээ хийгдэж байна. Бид нараас шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан шалгаж, танилцах материал маш их бий. Шинжилгээний дүгнэлт гарсны дараа уг хэргийг прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр гэм буруутай эсэх тогтоогдоно. Одоогоор шинжээч нарын дүгнэлт гараагүй байна” гэх тайлбарыг өгсөн юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ