Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo -2018” үзэсгэлэн есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өнөөдөр хүртэл /2018.10.02/ Мишээл экспо төвд үргэлжилнэ. Тус үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 12 дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг олон нийтэд танилцуулж байсан. Өнөөдрийн байдлаар хур системд төрийн 26, хувийн хэвшлийн 20 байгууллага нийт 46 байгууллага холбогдоод байна. “Хур” системд холбогдсоноор цаасаар авдаг зарим төрлийн лавлагаа мэдээллийг хурууны хээгээ уншуулаад авах боломж бүрдсэн юм. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр “Хур” системийн дараагийн хувилбар болох “Дан” системийг олон нийтэд танилцууллаа. “Дан” нь “Хур” системээс ялгарах онцлог нь хэрэглэгч өөрийн биеэр очилгүйгээр онлайнаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа аж.
Жил ирэх тусам үзэсгэлэнд оролцогчдын цар хүрээ нэмэгдэж, мөн түүнчлэн танилцуулагдаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж ч мөн нэмэгдэж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дэд дарга, сайд Г.Занданшатар “Бидний амьдарч буй эрин үе бол аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын эрин үе. Энэ хувьсгал Монгол Улсад хэрэгжих боломжтой. Зарим компаниуд түүчээлэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн хөгжилд онцгой ач холбогдол өгч Мэдээллийн технологийн үндэсний зөвлөл, УИХ-д Цахим бодлогын түр хороог байгуулан ажиллаж байна. Хамгийн гол нь хүнд сурталгүй, авлигагүй, цаг хугацааг нь хэмнэсэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд мэдээллийн технологийн шинэ ололт амжилт чухал ач холбогдолтой” гэж ярьсан юм.
ТУСГАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАДАГ ДРОН
Монгол Улсад хамгийн анх оруулж ирээд байгаа тусгай үйл ажиллагааны зориулалтаар ашигладаг дрон. Тухайлбал, цэрэг тагнуул, хил хамгаалах, хүчний байгууллагуудад илүүтэй тохирдог байна. Энгийн сонирхогчийн дрон нь дундуур нь саад гарвал сигналаа алдчихдаг бол дээрх дрон нь барилгын цаагуур орсон ч хамаагүй ажиллах бөгөөд уулны цаагуур орсон ч удирдах боломжтой гэнэ. Хамгийн жижиг дрон гэхэд арван км тойрогт ажилладаг бол том нь 50 км тойрогт ажилладаг аж. Дээрээс нь 6-25 кг-ийн даацтай. Уг дрон худалдаанд хараахан гараагүй бөгөөд эхний ээлжид туршиж үзэж байгаа юм байна. Үнийн хувьд 100 сая төгрөгөөр дээш үнээр зарагдах төлөвтэй байгаа аж.
НҮДНИЙ ШИЛЭНД СУУРИЛУУЛСАН КАМЕР НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮХИЙ Л ЯВДЛЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ ХАРУУЛНА
Энэ бол vist@Finder аливаа ажлын талбар дахь үйл ажиллагааг хамгийн найдвартай түргэн шуурхай дамжуулах технологи бүхий систем юм. Ухаалаг нүдний шилэнд суурилуулсан камер нь үйл ажиллагааны бүхий л явдлыг дэлгэрэнгүй харуулах бөгөөд ажилтан гараа оролцуулахгүйгээр тайлангаа танилцуулах, файл дамжуулах эсвэл заавар зөвлөгөө хүлээн авах боломжтой гэнэ.
Энэ мэтчилэн олон дэвшилтэт технологиуд “ICT-Expo -2018” үзэсгэлэнд тавигджээ. Дэлхий технологийн шийдэл рүү тэмүүлж байна. Бид ч гэсэн хөл нийлүүлэх гэж "зүтгэж" байна.
Холбоотой мэдээ