Өнгөрсөн 25 жилийн турш мөрдөгдөж байсан Өмнөд Америкийн чөлөөт худалдааны гэрээ /NAFTA/ нэрийг халж АНУ-Мексик-Канадын гэрээ буюу USMCA хэмээн шинэчлэгдэж байгаа ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь NAFTA гэрээг “аймшигтай алдаа” хэмээн тодорхойлж байсан бөгөөд гэрээг цуцлахаар Канад, Мексикийн эрх баригчдыг сүрдүүлж байсан удаатай.
Тэгвэл АНУ Мексик улстай есдүгээр сарын эхээр чөлөөт худалдааны гэрээ байгуулж чадсан боловч Канадын талтай байгуулж чадахгүй байсан юм. Гэвч өнгөрсөн Ням гаригт /2018.9.30/ Канад улстай товлосон хугацаандаа амжиж энэхүү чөлөөт худалдааны гэрээ байгуулагдаж хэрэгжихээр болжээ.
“АНУ-Мексик-Канад чөлөөт худалдааны гэрээ хэрэгжсэнээр зах зээл чөлөөлөгддөг, шударга худалдаа явагдаж мөн эдийн засагт өсөлт авчрах болно” хэмээн АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтизер болон Канадын Гадаад харилцааны сайд Кристиа Фриланд нар хамтран мэдэгджээ.
Энэхүү гэрээг хийх хэлэлцээрийг АНУ, Канадын талууд зургаан долоо хоногийн турш судалж, хэлэлцэж баталжээ. Шинэчилсэн гэрээгээр Канад АНУ-ын үйлдвэрлэж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр худалдан авах боломж бүрдэж байгаа бөгөөд хэрэв оноогдсон тоо хэмжээнээс хэтэрвэл татвар тооцох аж. Мөн Канад АНУ-ын автомашин, эд анги болон сэлбэгийг татвараас чөлөөлөх “тусгай” эрхтэй болжээ. Харин АНУ-ын Канадын зах зээлд гүнзгий нэвтрэх зөвшөөрөлтэй болж байна.
Энэхүү худалдааны гэрээг гурван улсын эрх баригчид бүгд сайшааж байгаа бөгөөд харилцан бие биедээ давуу тал олгож байгаа гэрээ хэмээн ихэд баяртай байна. АНУ-Мексик-Канад худалдааны гэрээ 16 жилийн турш хүчин төгөлдөр байх бөгөөд зургаан жил тутамд болж буй нөхцөл байдалтай уялдуулан нягтлж байхаар тусгажээ. Гурван тал ирэх арванхоёрдугаар сарын 1-нд гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор мөрдөж эхлэх юм.
АНУ-ын томоохон эрх баригчид Трампын засаглалыг 25 жилийн турш мөрдөгдөж байсан NAFTA-гийн гэрээнд дорвитой шинэчлэл хийж чадсан хэмээн ихэд ам сайтай байгаа аж. Нөгөө талаас энэ бол улс төрийн бодлого хэмээн хардаж байна. Учир нь ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Конгрессын дунд шатны сонгууль болох бөгөөд үүнд ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байр суурь болон намынхаа бодлогыг ард иргэдэд “хүчтэй” хэмээн ойлгуулахыг зорьж байна хэмээн улс төрийн ажиглагчид дүгнэж байгаа ажээ. Канадын ерөнхий сайд Жастин Трудеа ч нэр нүүрээ бодсон бололтой, ирэх жил түүнийг сонгуулийн арга хэмжээ хүлээж байна.
Ямартай Трампын өдөөсөн худалдааны дайнуудын нэг дуусгавар боллоо. Өнгөрсөн саруудад Европын холбоотой зарлаад байсан худалдааны дайнд талууд шийдвэрт хүрсэн. Одоо БНХАУ-тай зарласан худалдааны дайнд хэн ялалт байгуулах бол. Трамп эсвэл Си Жиньпин?
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ