“Эрдэнэт” үйлдвэр тойрсон анхаарал татсан асуудлаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.
-Улсын дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой маргааныг хэлэлцээд 49 хувийг эзэмшигч талд шийдвэр гаргалаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Шүүхийн шийдвэр үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа юу?
-Холбогдох байгууллагууд нь маргаан шийдвэрлэдэг төвшиндөө шийдээд явах ёстой. Бидний хувьд “Эрдэнэт” үйлдвэр тасралтгүй хэвийн ажиллах ёстой, үр ашиг өндөр байх ёстой, хамт олны уур амьсгалд нөлөөлөх ёсгүй гэж үзэж байгаа. Гүйцэтгэх удирдлагын хувьд барьж байгаа зарчим маань ч энэ. Үйлдвэрт маань шүүхийн шийдвэрээс шалтгаалсан зүйл байхгүй, тасралтгүй ажиллаж байна.
– Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан асуудалтай холбоотойгоор олон улсын Арбитрын шүүх шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг нь биелүүлээд явах юм уу, эсвэл давж заалдах юм уу?
-Бидний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал энэ болоод байна. Стандарт банктай холбоотой Арбитрын маргааныг “Эрдэнэт” үйлдвэрт хор хохирол багатай шийдэх ямар боломж байна вэ гэдэг дээр үйлдвэр дээр байгуулагдсан ажлын хэсэг, УИХ, Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүд ажиллаж байна.
-“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил түүхэндээ анх удаа хамгийн өндөр ашиг орлоготой ажилласан байдаг. Энэ онд амжилтаа бататгаж чадах уу?
-Энэ оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн техник технологийн бүх үзүүлэлт 100-гаас дээш хувиар биелж явна. Өнгөрсөн жил улсын болоод орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Энэ оны найман сарын байдлаар орлогынхоо 90 хувийг татварт төвлөрүүлээд байна. Хэдийгээр зэсийн үнэ сүүлийн саруудад унасан ч түүнээс үл хамаараад өртөг зардлаа хямгадаж ажиллаж байгаа тул ашиг орлого өндөр байна. Мөн бид дараагийн 15 жилийн үндсэн чиглэлээ гаргаад ажиллаж байна. 2017, 2018 онд геологи хайгуулын ажлыг хийсний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр энэ жилээс эхлэн наанадаж 60 жил ажиллах боломж нөхцөл бүрдсэн. Энэ бол хамгийн том ажил.
-Дараагийн 15 жилийн үндсэн чиглэлээ баталсан гэлээ. Яг ямар ажлууд хийнэ гэж ойлгож болох вэ?
-Нэгдүгээрт, техник технологийг боловсронгуй болгох ажил хийгдэнэ. Үйлдвэр 40 жил ажиллана гэдэг багагүй хугацаа. Техник технологийн насжилт өндөр болсон байна. Тийм учраас үйлдвэрт дэлхийд тэргүүлж байгаа техник технологийг үе шаттай нэвтрүүлнэ. Нөөц баялгаа өсгөх төслийг хэрэгжүүлнэ. Ил уурхай маань гүнзгийрэх тусам өртөг зардал өсч, хүдрийн агууламж буурч байна. Хүдрийн агууламж анх ашиглаж эхэлснээс хойш хоёр дахин буурсан. Тэгэхлээр мөлстлөг урсгалт тээврийн технологийг нэвтрүүлнэ. Өнөөдөр бол том даацын автомашинаар хүдрээ зөөж, хөрс хуулалтаа тээвэрлэж байна. Туузан дамжуулга буюу коневрын системд шилжүүлнэ гэсэн үг. Тэсэлгээний материал үйлдвэрлэдэг үйлдвэрийг шинээр байгуулна. Баяжуулах фабрик дээр иж бүрэн шинэчлэл хийнэ, энэ ажил эхэлсэн. Металл авалт гэж үзүүлэлт бий, энийгээ 40 жилийнхээ түүхэнд 89 хувьд хүргэсэн. Энэ бол өндөр үзүүлэлт. Хүрсэн энэ түвшингээ яаж хадгалах вэ, тэгж байж буурч байгаа агуулгаа металл авалтаар нөхөх, үр ашгаа хүрсэн төвшиндөө барих зэрэг олон ажлыг хийнэ.
Хоёрдугаарт, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх шаардлага үүсэж байна. Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байхад олон тооны орос мэргэжилтэн ажиллаж байсан. Үндэсний үйлдвэр болсноор гадаад мэргэжилтнүүдийн тоо цөөрсөн. Гэхдээ гэрээ байгуулаад ажиллаж болно. Контрактын мэргэжилтнүүд гэж ярьдаг, үйлдвэрийн дэргэд Орос сургууль, цэцэрлэг ажиллаж байгаа. Монголчуудад хэрэгтэй учраас өртөг зардал нэмэгдүүлж байгаа ч гэсэн ажиллаж байгаа. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт бүх төрлийн нарийн мэргэжлийн ажилтан, инженерийн үе солигдож байна. Боловсон хүчинд онцгой анхаарч, нарийн нандин байдлаар ажиллах шаардлага тулгарсан. Гуравт, үйлдвэрийн өртөг зардлыг бууруулсан сайн засаглалыг бий болгох асуудал байна. Менежментээ сайжруулах, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхдээ судалгаатай, үндэслэлтэй тооцоотой, шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандах шаардлага тулгарч байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ