Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) санхүүжүүлэн иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар болсныг өнөөдөр /2018.10.1/ зарлалаа. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчин болон хорт хавдрыг эрт илрүүлж, эрсдэлийг бууруулж, эмчилгээний нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насанд тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж босгосон дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгт хамруулах бөгөөд аль ч насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийх аж. Мөн үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм байна.
Түүнчлэн 18-34 насныхны урьдчилан сэргийлэх багцад бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгийн илрүүлэг, үзлэг багтаж байна. Харин 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгт хамрагдах ажээ.
Холбоотой мэдээ