“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээврийн авто замын засвар, шинэчлэлийн ажилд хяналт тавьж ажиллав.

239 км үргэлжлэх тус замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт авто зам” ХХК хариуцдаг бөгөөд энэ зун говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос зам сэтрэн, нүүрс тээвэрлэлт хийхэд хүндрэл үүссэн. Долдугаар сарын 4-ний өдрөөс хойш нийт 18 удаа үер буусны улмаас авто замын 36 хэсэгт эвдрэл үүсч, нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амссаныг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд ярьж байлаа.

Тухайн үед “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс яаралтай арга хэмжээ авсны үр дүнд нүүрсний экспортыг нэг ч өдөр зогсоолгүй, хэвийн үйл ажиллагаагаар хангажээ. Өнөөдрийн байдлаар “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх ажил 80 хувьтай үргэлжилж, энэ хүрээнд ус зайлуулах дөрвөн хос хоолой болон гурван газарт далан өндөрлөгөө хийж байна. Мөн 38 газрын засвар шинэчлэл зэргийг зургаан компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн хүнд даацын хатуу хучилтай авто замын ажилтай танилцаад нүүрсний тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалд онцгой анхаарал хандуулж, хилээр нэвтрэх хугацааг багасгах чиглэлийг үүрэг болгосон. Энэ дагуу компанийн зүгээс тус чиглэлд 2500 автомашины зогсоол барихаар нийт 48 га газрыг сонгожээ. Тухайн газарт жолооч нарт үйлчлэх зочид буудал, хоолны газар, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх төв, эмийн сан болон банк санхүүгийн байгууллага, амралтын төв зэрэг зургаан блок бүхий иж бүрэн цогцолбор барихаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Мөн зам дагуу гэрэлтүүлэг самбар бүхий 30 ширхэг зогсоол барина. Тус авто замд цувааны осол гарч, машин техникийн болон замын засварын ажил хийгдэх шаардлага гардаг учраас тухайн зогсоолд жолооч нар түр буудаллахад наад зах нь тээвэрлэлт ч хэвийн, саадгүй үргэлжлэх боломжтойг компанийн ажилтнууд танилцуулав. Есдүгээр сарын 4-ний өдрөөс хойш 20 гаруй хоногийн хугацаанд гэхэд тус боомтоор өдөрт 1250-1350 тээврийн машин гарч, компанийн 120 гаруй ажилтнууд хэвийн үйл ажиллагааг хангахаар 24 цагийн турш ажиллаж байна. Энд мөн “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ажилтнуудын орон сууцыг барьж буй бөгөөд ирэх сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар болжээ.

“Эрдэнэс Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж жолооч нарын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр өнөөдөр нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж, өдөрт дунджаар 1300 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдий биш, жолооч болон эндхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компанийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно. Мөн цаашид энэ чиглэлд зэрэгцээ авто зам барих асуудал МУЗГ, УУХҮЯ, ЗТХЯ болон “Эрдэнэс Монгол” компанийн түвшинд яригдаж байна. Мөн хилийн гарцуудыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарч, судалж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж