Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан, гэрэлт хөшөөг нь босгожээ. Уг гэрэлт хөшөөг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39-р гудамжинд сүндэрлүүлсэн бөгөөд өнөөдөр /2018.10.01/ нээжээ. Нээлтийн арга хэмжээнд Дашийн Дамбын үр хүүхэд болон МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар оролцсон аж.
Дашийн Дамба нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт 1908 оны гуравдугаар сарын 29-нд мэндэлжээ.
Өнөөгийн Монголын хөгжлийн суурийг тавих их бүтээн байгуулалтын он жилүүдэд МАН-ын төв байгууллагыг удирдаж, шинэ Монголыг бий болгох үйлсэд оройлон зүтгэж байсан аж. Тухайлбал, 21 аймагт улсын авто өртөөг 180 гаруй автомашинтай байгуулжээ. Мөн Наушка-Улаанбаатарын 400 км өргөн царигтай төмөр зам тавих, гурилын үйлдвэр, мах комбинат, Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан аж.
Түүнчлэн тухайн цаг үед Монгол Улс 700 мянган хүн амтай, дийлэнх нь нэн ядуу, бичиг үсэгт тайлагдаагүй, бэлчээрийн мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, өвчин эмгэг бүхий, буурай орны нэг байхад Д.Дамбын санаачилгаар Зөвлөлтөөс хүн амыг эрүүлжүүлэх болон арьс өнгө, сүрьеэ өвчнийг эмчлэх экспедиц ажиллуулан, хүн амаа эрүүлжүүлсэн байна.
Иймээс энэхүү гавьяа зүтгэлийг нь хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор 110 жилийн ойг нь тэмдэглэж, гэрэлт хөшөө босгожээ.
Цаашид төрсөн нутагт нь хөшөө босгох, ерөнхий боловсролын сургуульд нэрэмжит кабинет байгуулах, Алдарын танхим байгуулах зэрэг ажлыг хийх юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ