Ягаан сармисыг брэнд болгосон тариаланч Я.Банзрагч

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Ягаан сармисыг брэнд болгосон тариаланч Я.Банзрагч

Ягаан сармисыг брэнд болгосон тариаланч Я.Банзрагч

Завхан аймгийн Улиастай сумын Улсын аварга тариаланч Я.Банзрагчийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. “Нүүдэл хийгээд тохижиж амжаагүй л байна. Дунд охиныхоо хуриманд явах санаатай ундуй сундуй нүүдэл хийлээ. Бас өвсөө хадах ажил минь дуусаагүй байна” гэсээр биднийг угтллаа.

Өвөл, хавартаа цас чамгүй унах хэдий ч хаврын хавсарга,  хүйтэн шуурга хөрсийг хуурайшуулдаг аж. Өдгөө 40 гаруй жил тариа тарьж буй тэрээр Говь-Алтай аймгийн “Хөдөө аж ахуйн” техник мэргэжлийн сургуулийн Жимс, ногооны ангийг дүүргэжээ. Ажлын гараагаа Алдархаан сумын “Улаан Партизан”ногоо бригадаас эхэлсэн түүхтэй. Нийтлэлийн гол баатар Я.Банзрагч өдгөөг хүртэл ажлын гараагаа эхэлсэн бууриасаа огтхон ч холдоогүй байна. “Намайг анх ажилласан цаг буюу 1976 оноос өдгөөг хүртэл байгууллагын маань нэр л солигдсоноос биш огт өөр тийш яваагүй” гэлээ. Түүнийг ногоочноор ирэх тэр цагт тус бригад шинэ техникийг нэвтрүүлсэн дэвшилтэт үе байсныг дурссан юм.

БОРООЖУУЛАГЧИЙН ЭХНЭР

Түүний ханийг Д.Төрбат гэдэг байжээ. Тэрээр ханьтайгаа хамт ажилладаг байснаа дурсав.

“Хань минь цэргээс халагдаж ирээд ногоо бригадад бороожуулагч хийдэг байлаа. Тариа бригадад хамт ажилладаг байхдаа гэр бүл болсон юм” хэмээн тэртээх он жилүүдийн дурсамжаасаа хуваалцав. Таван хүүхдийн ээж, аав болсон залуус газрын шим, хөдөлмөрийн амтыг хүүхдүүддээ ойлгуулсан арвин туршлагатай. Орчин цагийн залуус төв газар бараадах сонирхол их. Харин аварга тариаланчийн маань хүүхдүүд ээждээ туслан газар тариалангийн ажил эрхлэхийн зэрэгцээ дор бүрнээ оногдсон албан ажилтай. “Миний хүүхдүүд багаасаа ногооны талбайд ажилласан болохоор соёолсон ногоог ямар технологиор тарьж ургуулах, хэрхэн арчлахыг андахгүй” хэмээн үрсээрээ бахархаж байв. Хотын айлд бэр болсон Т.Ичинхорлоо охин нь агрономич мэргэжилтэй. Сургууль төгсөөд нутагтаа ажиллахыг хүссэн боловч ажил олдохгүй байсаар хотын бэр болоод явж буй аж. “Улаан хальст сармис”-аар дипломын ажил бичиж, амжилттай хамгаалсан охиноо мэргэжлийн ажлаа хийх учиртайг байнга ухуулдаг байна.

ГАЗРЫН ШИМИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ

  

Газрын шимийг мартаж болохгүй. Тэр дундаа ногоо тариалах нь илүү өгөөжтэй. Ганцхан ширхэг үр суулгачихаад түүнийгээ олон болгож авна. Бас болоогүй олон түмнийг хооллож, ундална. Ийм буянтай ажлыг чин сэтгэлээсээ өдийг хүртэл хийж яваа болохоор үр хүүхэд минь элэг бүтэн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй явдаг гэж боддогоо нийтлэлийн баатар маань бидэнтэй хуваалцав. Хүргэн, бэргүй л ногооныхоо талбайд ажиллана. Ажлынхаа хажуугаар ээждээ тусалж байгаа хүүхдүүдийнхээ дэмээр сайн сайхан яваагаа тэрээр хуучлав. Аав, ээж минь энэ газрын үр шимээр өдий зэрэгт хүргэсэн юм шүү гэдгийг бага наснаасаа мэдэрч өссөн болохоор хавар, намарт тариалангийн ажлаас шантардаггүй хэмээн том охин Т.Долгорсүрэн ярив. Тэр ч бүү хэл, ач зээ нар нь хамгийн том ажиллах хүч нь болжээ. “Гэрийн буурин чинээ газарт өөрийнхөө идэх ногоог тарьчих боломж хүн бүрт бий. Одоогийн залуус залхуу. Тиймээс үр хүүхэддээ хөдөлмөрийн үр шимээр хангалуун сайхан амьдардаг юм шүү” гэж аварга тариаланч маань захьдаг аж.

ЦУЦАХАА МЭДЭХГҮЙ “АЖИЛЛАХ ХҮЧ”

Хоёр ач, дөрвөн зээтэй Я.Банзрагч “Хүүхдүүдээсээ илүү ач, зээгээ гэх юм билээ, хүн гэдэг амьтан” гээд нуг нуг хөхрөв. Энэ зуур гаднаас 2-10 орчим насны хүүхдүүд гүйлдээд ирлээ. “За энэ хүүхдүүд өвс хадах томоохон туслах хүч үү” гэхэд минь “Хүүхдийн тус багаддаггүй юм. Хүн мэдэхгүй л болохоос эцэж цуцахаа мэдэхгүй өдөржин гүйж, их ажил амжуулдаг юм шүү дээ” хэмээн хүүхдүүд рүүгээ хайр гэрэлтсэн нүдээр харж байлаа. Ач, зээ нараа ногооны талбай руу оруулахыг төвдөггүй. Учир нь балчир хүүхдүүд эрт ажилд нухлуулаад шантрах вий гэж болгоомжилдог. Тиймээс үхэр тугал, хониныхоо хойноос гүйлдэх нь тэдний үндсэн ажил юм байна. “Бүгдийг нь ялгалгүй хайрлана” гэсэн хэдий ч том зээдээ илүү байгаа нь анзаарагдав. Мэдээж бүх хүүхэддээ хайртай байх нь дамжиггүй. Гэхдээ… “Том зээ минь тавдугаар анги. Н.Очирсүн гэдэг. Өвөөгийнхөө амин хайртай хүү нь байсан юм. Төрөх үедээ эмч нарын буруугаас болж хагалгаанд орж байлаа. Ус уух хувьтай хүү минь удаан гам барьсны эцэст овоо торниж, эмээдээ тусалдаг боллоо” гэв. Ийнхүү “амин” хүүгийнхээ тухай ярихдаа хоолой нь ялимгүй чичирч гуниг хурсан нүдээр хүүгээ битүүхэн ажив. Гэрээ барьж төвхнүүлсэн хүүхдүүд нь өвсөө хадах ажил руугаа явахаар яаравчиллаа. Тариан талбайгаасаа өвс хадаж бэлтгэдэг аж. Өдрийн тэн хагаст нэлээд хэдэн бухал өвс хадаж бэлтгэжээ. Мэдээж тэнд ажиллах хүч мундахгүй. Томчуудаас эхлээд бага ач нь хүртэл өвсний талбайд өнжсөн юм.

ЯГААН ХАЛЬСТ САРМИСНЫ “ЭЗЭН”

Нийтлэлийн баатарын маань том хүргэн М.Нэргүй “Ээж минь насаараа газар тариалангийн салбарт ажилласан. Түүнийг нь улсаас өндөрөөр үнэлсэнд нь бид маш их баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Анх хүргэн болоод ирэх үед ногоо тарих хэцүү санагдаж байснаа бидэнд хуучлав. Завханы ягаан хальст сармис алдартай брэнд. Энэ брэндийн эзэн нь Я.Банзрагч гэхэд хол зөрөхгүй болов уу. Тэр жил ногоогоо хурааж, нүүдэл суудал ихтэй үед нь тэдний ногооны зооринд хулгай оржээ. Үндсэн брэндээ үндэсгүй болчихлоо хэмээн ихэд харамссан ч насаараа тарьж ургуулсан ягаан хальст сармисаа голыг нь таслалгүй үргэлжлүүлэн тарьсан нь Я.Банзрагчийн нөр их хөдөлмөрийн үр шим. Том хүргэн М.Нэргүй “Бидний тарьж буй ногооноос сармис илүү арчилгаа шаарддаг. Усалгааг нь тохируулахгүй бол ургац алдчих гээд бас их учир жанцан бий” гэсэн юм. Ногооны ургацыг сайжруулахын тулд зэрлэгийг нь сайтар авах хэрэгтэй бөгөөд өтөг бууцаар бордоно. Тариаланч маань дөрвөн төрлийн хүнсний ногоо тарьж аймгийнхаа иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг. Харин 10 гаруй нэр төрлийн нарийн ногоог хувийн хэрэгцээндээ зориулан тарьдаг байна.

ЭМЭЭГЭЭ УЙЛУУЛСАН “ШҮЛЭГЧ” ОХИН

Өдрийн тэн хагаст нэлээд хэдэн бухал өвс хадаж бэлтгэжээ. Мэдээж тэнд ажиллах хүч мундахгүй. Томчуудаас эхлээд бага ач нь хүртэл өвсний талбайд өнжсөн юм.

Завхан аймгийн Отгон сумын уугуул Л.Ядамын ууган охин болж мэндэлсэн Банзрагч таван дүүтэй. Түүний ээжийг Д.Дарьсүрэн гэдэг. Хөдөө бригадын төвд бага насаа өнгөрүүлжээ. Айлын ууган охин дүү нараа командлана. Гэрийн гадаах ажлыг эмхэлэх “алба”-ыг хаших бөгөөд аргалд явж түлээгээ бэлтгэдэг байжээ. “Модгүй газрын хүүхэд болохоор аргалд байнга явна шүү дээ” гээд бага насныхаа дурсамжаас хуваалцав. Тэрээр сургуульд орсон анхны жил гэрээ санах том ажилтай. Ая эвийг нь тааруулж байгаад харихыг л хүсдэг байжээ. Ашгүй шинэ жилийн баярт оролцсон хүүхдүүдэд чөлөө өгч гэрт нь явуулахаар болсныг сонсоод шүлэг уншина хэмээн уйлж байсан нь түүний санаанаас гардаггүй. Үстэй лоовууз, дээлтэй, шилбүүр барьсан бяцхан охин “Миний хэнз хурга” шүлгийг уншсан гэдэг. Хоёр настай байхдаа авто ослоор аавыгаа алдсан бяцхан охины шүлэг уншихыг харж суусан эмээ нь ач охиноо тэврээд уйлж байсан нь түүний санаанд одоо ч тод үлдсэн дурсамж. “Хүүгийн минь охин хуруухан чинээ үлдсэн дээ. Эрдмийн мөр хөөгөөд хүн болж явна” хэмээн санаж, их л өрөвдөж байсан болов уу хэмээн бодож явдаг тухайгаа Я.Банзрагч гуай хуучлав. Хөдөөгийн амьдрал ахуйд өсч, бойжсон эгч дүүс эрдэм номын мөр хөөж дор бүрнээ амьдралаа цэгцэлсэн байна. Өдгөө нэг охин дүүгийнхээ хамтаар тариалан эрхэлдэг ажээ.

АЛАГ ГОЛДУУ АДУУ Л.ТӨРБАТЫНХ

Ууган охин Т.Долгорсүрэн өдгөө ээжийнхээ хөрш бас сайн туслах. Өдөржин тариан талбайд өнжих аав, ээжийнхээ буянаар хүний дайтай ажиллаж, амьдарч яваагаараа бахархдаг. “Хөдөлмөрч хичээнгүй, тууштай, шударга зантай миний ээж хүний хайлан юм шүү дээ. Айлын том охин юм болохоор олон зүйлийг ээжээсээ сурсан” гэв. Түүний аав адуунд их хайртай нэгэн. Алаг голдуу адуутай. Улиастай сумын төвд амьдардаг учраас адуугаа хөдөө гаргадаг байж. Гэтэл адуу нь цасны түрүүчээр давхиад ирнэ. Хашааны хаалга хүн цохиж байна гээд гарахад нь адуунууд нь зогсч байдаг тухай ярилаа. “Аавтай минь ижилсэн дассан адуунууд нь хүртэл хол явдаггүй байсан нь миний аавын зан чанарыг илтгэх болов уу. Уян зөөлөн, нямбай ааваараа бахархдаг” гэлээ. “Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй юм шүү” хэмээн үр хүүхэддээ захидаг аавынхаа захиасыг биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн амьдарч яваа хүү Г.Батчулуун, охин Т.Долгорсүрэн, Т.Ичинноров, Т.Ичин­хорлоо, Т.Дэлгэрням нарыгаа тэнгэрийн орноос хараад баярлаж суугаа нь дамжиггүй.

“НАДААР ДУУСЧ БОЛОХГҮЙ АЖЛЫН ТУРШЛАГА”

Улсын аварга тариаланчийн цайллагын үеэр.

Ер нь сүүлийн үеийн залуус дээд боловсрол, мэргэжил эзэмшихээр хэт улайрах юм. Гэсэн хэдий ч ажлын талбарт гологдож байна. Ур чадвар дэндүү сул, хүсэл, сонирхол нь дэндүү өндөр байгаа нь ирээдүй хойч үеийг минь чадамжгүй, чадваргүй болгох үндэслэл болох вий гэж санаа зовж суудгаа Я.Банзрагч гуай ярив. Түүний энэ үзэл үнэний ортой. Тиймээс үр хүүхдүүдээ аливаа ажлыг чин сэтгэлээсээ нямбай хийж сургасан байх. “Миний чадаж мэдэх зүйлийг миний үр хүүхдээс гадна өөр бусад хүмүүсийг сурахыг хүсвэл би чадах бүхнээ зааж сургахыг эрмэлздэг” хэмээн тэрээр хуучлав. Энэ хорвоо дэлхий дээр өвлүүлж, уламжлуулж үлдээхийн тулд мэддэг, чаддаг бүхнээ бусдад харамгүй зааж сургах нь түүний гол зарчим. “Надаар дуусч болохгүй ажлын туршлага” гэж бий. Аливаа ажлыг хийхэд өөр, өөрийн онцлог арга барил гэж бас бий. Нэг үгээр хэлбэл, нууц жор гэх зүйлийг алдах вий гэх болгоомжлол бизнесийнхэн болоод хувь хүнд ч байдаг нэг “зовлон”. Харин тэрхүү нууц жор гэх ажлын туршлага, арга барилаа бусдад харамгүй дэлгэх нь Я.Банзрагчийн гол зорилго. “Би мөнх амьдрах биш. Бусдад зааж сургах зүйл байвал харамгүй хэлээд өгөх юмсан гэж чин сэтгэлээсээ хичээдэг” гээд ярьж суухдаа нүд нь сэргээд ногоо тарихад зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийнхээ тухай бидэнд ярьж өглөө. Усалгаа, арчилгаа хамгийн чухал нь. Гэхдээ хүний ажиллах арга барил бас чухал. Түүнийг эзэмшихийн тулд онолын хичээл заалгах хэрэггүй бөгөөд харамгүй сэтгэлээр хэлээд өгөх “ногоочин” багш байхад л болчих юм. Өдөржин хамтдаа явж, гэр бараагаа төвхнүүлэх, өвс хадах их ажлынхаа хажуугаар цаг зав гарган бидэнтэй хуучилсан Я.Банзрагчийнхаа гэр бүл, үр хүүхдэд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж