Хятад улс 2030 он гэхэд саран дээр сансрын аппаратаа газардуулж, умард болон өмнөд туйлын бүс нутгийг нь судлах ажлаа эхлүүлнэ гэж тус улсын Үндэсний Сансар судлалын газраас мэдэгджээ.
Сар судлалын хөтөлбөрийн хүрээнд дөрвөн шат бүхий дөрвөн төслийг Хятадын сансар судлалын баг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар Бээжин хотноо болсон Шинжлэх ухааны дэлхийн их хурлын үеэр Хятадын сансар судлалын мэргэжилтнүүд ярьсан байна. Хятадын сар судлалын хөтөлбөр нь 2003 оноос эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн эхний гурван шатны хүрээнд сарны тойрог зам, хэрхэн газардах, сарны гадаргуу, хөрснөөс авсан дээжийг эх дэлхий рүү хэрхэн авчрах зэрэг ажлыг багтаажээ. Харин дөрөвдүгээр шатны хөтөлбөрийн хүрээнд Чанье-4 сар судлалын аппаратыг 2018 оны сүүлчээр саран дээр газардуулж бодит судалгааны ажлыг эхлүүлэх юм. Сарны өмнөд туйлын судалгааны ажлын гол зорилго нь сарны хөрсний насжилтыг тогтоох бол умард туйлын судалгаа нь саран дээр оршин тогтнож буй эд зүйлсийг олж тогтооход чиглэх аж. Энэ бүх судалгааны дараа саран дээр эрдэм шинжилгээ, судалгааны байгууламж байгуулан өөр роботуудыг илгээхээс гадна сансрын нисэгчийн бие бүрэлдэхүүний судалгааг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: CCTV