Улирлын өмнө: Филадельфиа Флаймз

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Филадельфиа Флаймз

Улирлын өмнө: Филадельфиа Флаймз

Пеннсилвани мужийн Филадельфиа Флаймз баг сүүлийн жилүүдэд тогтворгүй амжилттай явж байна. Плэй-оффын байнгын зочин хүчирхэг Филадельфиа Флаймз сүүлийн 7 улирал үзүүлж буй амжилтаараа бол энэ жил плэй-оффын гадна үлдэх ёстой. ЁСТОЙ гэдэг нь сүүлийн 7 жилд жил өнжиж плэй-оффт шалгарч байгаа учрынх юм. Өнгөрсөн улиралд бүсдээ 6-р байранд орох амжилт үзүүлсэн бөгөөд 42 хожил байгуулж 98 оноо авч плэй-оффт шалгарсан. Гэхдээ тэдний плэй-оффын аялал ердөө эхний шатанд өндөрлөсөн. Багтайгаа 4 дэх улиралдаа ажиллах гэж буй буй Канад дасгалжуулагч Дэйв Хэкстол арга барилаа нэг л сайн олж өгөхгүй байх шиг. Коллежийн лигт ч үзүүлсэн амжилт нь төдийлөн сайн байгаагүй. Ийм Д.Хэкстол 3 жил Филадельфиаг удирдахдаа 2 удаа плэй-оффт шалгарсан ч 1-р шатыг давж чадаагүй байна. Багийн амжилтыг дасгалжуулагч Д.Хэкстолтой холбож ярихаас илүүтэй лидер К.Жиру болон У.Симмондс, Ш.Кутюрье нарын үүрэг их байсан гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу?

  • Багаас явсан тоглогчид: хамгаалагч Б.Мэннинг Чикаго Блэйкхаукс руу, төв В.Филппула Нью-Йорк Айландерс руу, хаалгач П.Мразек Каролина Харрикейнз руу
  • Багт ирсэн тоглогчид: жигүүр ван Римсдайк Торонто Мейпл Лифсээс, хамгаалагч К.Фолин Лос-Анжелес Кингсээс

Филадельфиа Флаймз баг солилцоонд идэвхтэй оролцоогүй бөгөөд ердөө л драфтын эрхийн солилцоог Монерал Канадиенстай хийсэн. Харин чөлөөт агентын зах зээл дээр нэлээдгүй ажилласан. Хэд хэдэн тоглогчийг явуулсан бол Торонто Мейпл Лифс багаас чөлөөт агент болоод байсан Жеймс ван Римсдайкыг авсан нь зөв сонголт байсан. Америк залуу ван Римсдайк багийн эхний болон 2 дахь лайнд гарахад нэг их гайхах зүйлгүй болов уу? Түүнд тэр хэмжээний чадвар, боломж бүрэн бий. Одоогийн байдлаар ван Римсдайкаас гадна нэг л тоглогчийг чөлөөт агентын зах зээл дээрээс авсан бол 7-8 тооны тоглогчтой гэрээгээ сунгалгүй багаасаа явуулсан. Ингэснээр цалингийн цэс ч нэлээд чөлөөтэй болоод байна. Ван Римсдайктай 5 жилийн 35 сая ам.долларын гэрээ хийсэн бол дахин 1-2 дундаас дээш түвшний тоглогч авах цалингийн зай багт үлдээд байгаа.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

К.Жиру – Ш.Кутюрье – Т.Конекни

И.Проворов – А.МкДоналд

II ЛАЙН:

Ван Римсдайк – Н.Патрик – Я.Ворачек

Р.Хаг – Ш.Гостисбеер

III ЛАЙН:

О.Линдблом – Ж.Вил – У.Симмондс

Т.Санхейм – Р.Гудас

Өнгөрсөн улирлын II хагаст багийн хамгаалалт илт сайжирснаар улирлын төгсгөлийг сайн хийж чадсан. Багийн урд талын шугам ажлаа сайн хийдгээрээ хийгээд хамгаалалтын шугам өнгөрсөн жилийнх шигээ сайн тоглож чадвал плэй-оффт шалгарахад асуудалгүй болов уу? Энэ улирлаас Орос залуу И.Проворов гарааны лайнд багтах магадлал маш өндөр байгаа. Өнгөрсөн улирал ч муугүй тоглосон 21 настай Орос хамгаалагч И.Проворов энэ улирал эхлэхтэй зэрэгцээд гарааны лайнд нэрлэгдэж байгаа нь ямар их ирээдүйтэй тоглогч болохыг харуулж байна. Филадельфиад ТОП зэрэглэлд яригдах хамгаалагч байхгүй ч гэсэн энэ жил дотоод нөөц боломжиндоо тулгуурлахаар шийдсэн бололтой. Хамгаалалтанд төдийлөн хүч нэмэх талаар ажилласангүй. Энэ улиралд сүүлийн 7 жилийн зүй тогтлыг харвал плэй-оффт шалгарч чадахгүй. Гэхдээ өнгөрсөн улирлынх шигээ тоглож плэй-оффт шалгарч чадна гэж бодож байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж