“Ногоон паспорт-Монгол орон даяар” аян амжилттай үргэлжилж байна.
Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжүүлж эхлээд 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг хамруулж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай гэсэн чиглэлээр “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлэгч багийнхан аялж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Ногоон паспорт” аяныг танилцуулж, эхлүүллээ.
Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нээлтээ хийсэн “Ногоон паспорт” аяны нээлтэд аяныг санаачлагч, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцож, хүүхдүүдэд байгаль хамгаалах чиглэлээр дэлхий нийт ямар ажил хийж байгаа хийгээд монголчуудын байгалиа хамгаалах уламжлалыг сануулсан илтгэл тавьж, сурагчдын талархлыг хүртсэн юм.
Нээлтэд Улаангом хотын Ерөнхий боловсролын сургуулиудын 400 орчим сурагч оролцож, өсвөрийн байгаль хамгаалагч болж, “Ногоон паспорт” аяныг амжилттай үргэлжлүүлэхээ амалж, Ногоон паспортоо гардаж авлаа. Ногоон паспортоо амжилттай хөтөлж, үлгэр жишээ өсвөрийн байгаль хамгаалагч болсон ангийнхан Азидаа алдаршсан Эко элчүүдтэй уулзах юм.