“Эх хэл, утга зохиол” аянг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

“Эх хэл, утга зохиол” аянг эхлүүллээ

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс санаачлан өнгөрсөн 2014 оны хавар “Эх хэл, утга зохиол” аяныг орон даяар зохион байгуулсан билээ. Уг аяны хүрээнд зохиолч, яруу найрагчид ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай цуврал уулзалтууд зохион байгуулсан юм.

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн уг аянаа энэ  онд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ жилийн “Эх хэл, утга зохиол” аяны салхийг хагалж Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа өөрийн шавь, яруу найрагч С.Батгүрийн хамт нийслэлийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч, багш, ажилтнуудтай өчигдөр уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр ардын уран зохиолч Ш.Дулмаа сурагчдад эх хэл, утга соёлоо хайрлан хамгаалах, эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичдэг болохын ач холбогдол, утга зохиолын гайхамшигт ертөнцийн талаар ярьж, өөрийн шүлэг найргийн дээжээсээ өргөн барьсан байна.

Ийнхүү Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн өдөр “Эх хэл, утга зохиол” аяны хоёр дахь жилийн үйл ажиллагаа гараагаа эхэллээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж