Эмнэлгүүдийн хүүхдийн орны тоо 375-аар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдийн хүүхдийн орны тоо 375-аар нэмэгджээ

Ханиад томууны дэгдэлт нэмэгддэг өвлийн саруудад Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээний асуудал хамгийн их тулгамддаг. Энэ асуудлыг Эрүүл мэнд спортын сайд анхааралдаа авч эмнэлэг бүр дээр зөв зохицуулалт хийжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдэд хүүхдийн хэвтэн эмчүүлэх орны тоог томуугийн дэгдэлтийн хэт ачааллын үед 375 -аар нэмэгдүүлэн ажилласан байна. Энэ талаар Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаагаас тодрууллаа.  

-Томуу өвчний өвчлөлийн оргил үед Эрүүл мэнд спортын яамнаас зохицуулалт хийж эмнэлгүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан 375 орон нэмсэн гэсэн. Энэ талаар?

-Эмнэлгийн ор гэдэг асуудал бол зөвхөн орны тоог нэмэгдүүлэх төдий бус цаана байгаа эмнэлгийн байгууллагын хүчин чадал, ажиллах нөөц төсөвт өртөг, даатгал санхүүжилт энэ бүхэн хамааралтай байдаг. Одоогоор томуу өвчний дэгдэлт харьцангуй намжаад байна. Өвчлөл 2014 оны 12 дугаар сарын 15-25 нд харьцангуй ихэсч , эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Энэ үед бид дотоод зохицуулалт хийж ажилласан. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн 1200 орчим хүүхдийн ор ажиллаж байна. Судалгаагаар бол 1800 орчим ор шаардлагатай байдаг. Тэгэхээр 600 ор дутагдалтай байгаа гэсэн үг. Гэхдээ бид ажиллаж байгаа 1200 орныхоо хүрээнд дотоод зохион байгуулалтаа хийж дүүргүүд дээрээ насанд хүрэгчдийн орноос 375 орыг өөрийн төсөвт багтааж дотор нь түр хугацааны зохицуулалт хийснээр хүүхдийн ачааллын асуудлыг шийдсэн байгаа. Түүнээс одоогоор шинээр ор нэмсэн асуудал байхгүй. Ер нь цаашдаа хүүхдийн эмнэлгийг бэхжүүлэх, хүүхдийн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс дутагдалтай байгаа орныг тоог гүйцээх асуудлыг судалж, тооцон төлөвлөснөөр энэ асуудал удахгүй шийдэгдэнэ.

-Хүүхдийн эмнэлгийн ачаалалтай холбогдуулан зарим барилгын зориулалтыг өөрчлөх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Хүүхдийн тусламж үйлчилгээ дутагдалтай, хүндрэл бэрхшээлтэй байгааг Засгийн газраас ойлгож бүх талаар нь дэмжлэг үзүүлэх асуудлыг дэмжсэн. Ингэснээр төрийн байгууллагуудын байрлаж байсан барилгыг Хүүхдийн эмнэлэг болгох боломж байгаа эсэхийг судалсан. Эмнэлэг гэдэг маань өөрөө өвөрмөц стандартыг шаардсан онцгой обеъкт. Эмнэлгийн шаардлагын үүднээс тухайн барилгууд дээр ажлын хэсэг очиж үнэлгээ хийсэн. Одоогоор оффессын зориулалтаар ашиглагдаж байгаа барилгууд маань эмнэлгийн зориулалтаар ашиглагдах боломжоор бага. Өөрөөр хэлбэл маш их засвар үйлчилгээ их хэмжээний төсөв мөнгө шаардлагатай байсан. Тийм учраас бид барилгын ажлаас түтгэлзэх саналаа Засгийн газарт тавьсан. Засгийн газрын зүгээс бидэнд ССАЖ-ын яамны барилгыг дуудлага худалдаагаар худалдаад тэндээс олсон хөрөнгөөр Хүүхдийн эмнэлгийг бэхжүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүүхдийн эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, барилгын засварын ажилд зарцуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Өнөөдөр тэр саналын дагуу ажиллаж байна. Удахгүй Засгийн газраас шийдвэр гарч барилга зарагдахаар тэндээс гарсан хөрөнгө нь бүгд хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдана.

-Тэгэхээр зориулалтыг нь өөрчилнө гэсэн асуудал байхгүй болжээ?

-Тийм ээ.

-Энэ зохицуулалтыг насанд хүрсэн өвчтөнүүд хэрхэн хүлээн авч байгаа бол?

-Энэ бол жилийн 365 хоногийн турш хийгдэж байгаа зохицуулалт биш. Томуу өвчний өвчлөл их байдаг 11,12 саруудад л хийгдэх ажил. Өөрөөр хэлбэл Томуу өвчний дэгдэлт их байгаа улиралд хийгдэж байгаа зохицуулалт гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Халдварт өвчнүүд улирлын байдалтай дэгддэг. Тэр утгаараа томуу томуу төст өвчний ачаалал нэмэгдсэн 11,12 саруудад бид дотоод нөөц бололцоогоо ашиглан зохицуулалтаа хийсэн. Энэ бол түр хугацааны зохицуулалт. Насанд хүрэгчдийн хувьд бүгд үр хүүхэдтэй, эмнэлгийн нөхцөл байдлыг ойлгож байгаагийн хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа. Насанд хүрэгчид эмнэлгийн энэ зохицуулалтад үг дуугүй хамрагдаж, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулахад маш их хувь нэмрээ оруулсан. Үүнтэй холбоотой насанд хүрэгчдээс ирсэн нэг ч гомдол санал байхгүй. Гэхдээ насанд хүрэгчдэд өгөх яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстой үйлчилгээг нь эмнэлгүүд дотоод нөөц бололцоогоор бүрэн хамруулж, тасалдалгүй ажиллаж чадсан.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж